Хавдар судлалын үндэсний төвийн ТУЗ-д сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нарыг оруулах гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд ТУЗ-ийг баталсан тушаалыг гаргаж албажуулжээ.
Ингэснээр дээрх хоёр бүсгүй нь тус эмнэлгийн ТУЗ-ийн гишүүний ажлаа албан ёсоор хийх эрхтэй болж байна гэсэн үг. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ТУЗ-ийн гишүүд сүүлийн өдрүүдэд ХСҮТ-д ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцаж байгаа аж.
-Б.ОЮУНГЭРЭЛ, Л.МӨНХБАЯСГАЛАН НАР УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭНТЭЙ НАЙЗ-
ХСҮТ-ийн ТУЗ-ийн есөн гишүүний гурвыг эмч ажилчдын төлөөллөөс, нөгөө гурвыг нь иргэдийн төлөөллөөс, үлдсэн гурвыг төрийн захиргааны байгууллагаас сонгосон.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛӨӨС
- Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны
ерөнхийлөгч Б.Оюунгэрэл - Эмч н.Түвшинжаргал нарыг сонгосон байна. Гэхдээ ХСҮТ-ийн зарим эмч, ажилчид Б.Мөнхбаясгалан, Б.Оюунгэрэл нарыг эсэргүүцэж оронд нь хавдрын өвчнөөр өвдсөн иргэдийн ар гэрийнхнийг ТУЗ-д оруулах ёстой гэсэн шаардлагыг удирдлагууддаа тавьсан байдаг.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛӨӨС
- Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжий газрын дарга Ж.Нарангэрэл
- ЭМДЕГ-ын төлөөлөл
- Сангийн яамны газрын дарга Ганбатыг оруулжээ. Эдгээр байгууллагын төлөөлөл нь хуулийн дагуу заавал ТУЗ-д орох ёстой аж.
ЭМЧ, АЖИЛЧДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС
- Мэс заслын хоёр эмчээс гадна ХСҮТ-ийн Хүний нөөцийн албаны дарга Д.Мөнхтуяа нар орсон
байна. Д.Мөнхтуяагийн хувьд Ж.Чинбүрэнгийн ойрын “хүн” гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Түүнийг ХСҮТийн ажилчдын 24/3-р байранд 51, 52, 53 тоот болон нэг давхрын үйлчилгээний зориулалттай байр, нийт 4 байрыг албан тушаалаа урвуулан ашиглан авсан байж
болзошгүй гэх хэргээр АТГ-т шалгаж буй аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус 9 гишүүний 5 нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй ямар нэгэн хамааралтай гэх. Энэ нь ТУЗ дээр Ж.Чинбүрэн гишүүн өөрийн шийдвэрээ эдгээр хүмүүсээр дамжуулан гаргуулах магадлалтай гэсэн үг юм. ТУЗ нь захирлыг томилно, эмнэлгийн ажлыг хянана, төсвийн зарцуулалтыг хянах үүрэгтэй. Тэгэхээр Ж.Чинбүрэн гишүүний төлөөлөл таван хүн байгаа нь захиралтай хамтарч төсвийг хууль бусаар захиран зарцуулах магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь таван хүн дэмжвэл асуудал шийдэгддэг байна. Харин эмч, ажилчдыг төлөөлж буй хоёрхон хүнийг ТУЗ-д оруулж буй нь хангалтгүй гэж эмч, ажилтнууд үзэж буй.