“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорчээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай юм.
 
Тус үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын  асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар  шагналыг нь гардуулжээ.
 
Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлсэн аж.
 
"Мөнх тэнгэрийн бичиг-2021”-ийн шилдэг бүтээл, оролцогчид:
  • Тэргүүн байр- “Монголын нууц товчоо” Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир;
  • Дэд байр-“Чингисийн билиг сургаал” БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт;
  • Гутгаар байр-“Байгал нуур” ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова  Владимировна нар эхний гурван байрыг эзэлжээ.
"Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнг 2022 оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс гуравдугаар сарын 4-нийг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилуулах юм байна.
 
 
Эх сурвалж: Соёлын яам