ЭЦЭГ, ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Ж.Соронзон захирал явбал хүүхдээ өөр сургууль руу шилжүүлнэ

ЭЦЭГ, ЭХИЙН ТӨЛӨӨЛӨЛ: Ж.Соронзон захирал явбал хүүхдээ өөр сургууль руу шилжүүлнэ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой хэрэг сүүлийн өдрүүдэд олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл тус сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөлөл Боловсрол шинжлэх ухааны яамны гадна цуглаж, "сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах" хүсэлт хүргүүллээ.

Эцэг эхийн төлөөлөл жүжигчин Б.Навчаа “Ж.Соронзон захиралтай холбоотой асуудал хууль дүрмээрээ шалгагдана. Үүний талаар бид юу ч ярихгүй. Орос 3 бол маш чанартай сургалттай, шилдэг сургууль. Хамгийн гол нь С.Будрагчаа гэдэг сэтгүүлч асуудлаасаа хальж эцэг, эхчүүд рүү халдаж байна. Бид их хэмжээний төлбөр төлж хүүхдүүдээ энэ сургуульд сургаагүй. Орос 3 бол хувийнх биш улсын сургууль. Эцэг эхчүүд сургуулийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг” гэв.

Эцэг эхийн төлөөлөл “Бид сэтгүүлч С.Будрагчаагийн хэлж байгаа шиг Ж.Соронзон захиралд дарамтлуулаад энд ирсэн зүйл байхгүй. Өнөөдөр хохирогч байхгүй байхад яагаад хохироож байгаа мэтээр бидний хүүхдүүдийг харлуулаад байгаа юм бэ. Энд сурч байгаа хүүхдүүд маш сайн боловсон хүчин болж төгсдөг. Хэрэв Ж.Соронзон захирал солигдвол хүүхдээ өөр сургуульд шилжүүлнэ” гэв.

Ташрамд дурдахад, өнгөрсөн долоон хоногт буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр сэтгүүлч С.Будрагчаагийн гаргасан гомдлын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Ж.Соронзон захиралтай холбоотой асуудлыг хянан шалгаж байгаа талаар мэдээлсэн билээ.