Украин улсад метроны буудалд хорогдож байсан Монгол оюутан бэртэж, ухаан алджээ

Украин улсад метроны буудалд хорогдож байсан Монгол оюутан бэртэж, ухаан алджээ

Өчигдөр өглөө /2022.02.24/ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж байгаагаа зарлаж, үүнээс хойш ОХУ-ын цэргийн хүчин Украины хотууд руу пуужин харваж, агаарын баазуудад нь цохилт өгч дайн албан ёсоор эхлээд байгаа билээ.

Тэгвэл Украин улсад одоогоор 27 Монгол оюутан гацаад байгаа юм. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар тус оюутнуудыг яаралтай татаж авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин оюутнуудын зүгээс “Сарын өмнөөс биднийг татаж авах асуудлыг ярьсан ч “Дайн болохгүй” хэмээн шоолж инээж байсан” гэтэл эцэст нь ийм нөхцөл байдалд хүрсэн байна” гэж манай сайтад анх мэдээлсэн юм.Гэтэл өчигдөр тус улсад үймээн самуун болж 27 оюутан маань метроны буудалд хорогдож байна.

Тэдний мэдээлснээр одоогийн нөхцөл байдалд хоол, усгүй шокын байдалд орсон байгаа бөгөөд нэг Монгол оюутан метроны шат руу унаж, мөрөө мулталж, өвдөлтдөө ухаан алдсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тухайн үед тэнд байсан цагдаагийн алба хаагчид мултарсан мөрийг оруулахад тусалсан бөгөөд цаашид үүнээс ч дор зүйл болж болзошгүй. Эхэндээ бидний шаардлагыг сонсоод хүлээж авсан бол ийм зүйл болохгүй байсан талаар мөн ярилаа.