Ж.Эрхэмбаатар: Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхийн тулд хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ Хөгжлийн банканд томилсон байна

Ж.Эрхэмбаатар: Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхийн тулд хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ Хөгжлийн банканд томилсон байна

Хөгжлийн банкны удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр Үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлыг аваад 14 хоног болж байна. Энэ хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулахад анхаарч ажиллалаа. Мөн Хөгжлийн банканд өнөөдрийн үүссэн нөхцөл байдалд судалгаа шинжилгээ хийлээ. Ерөнхий сайдын зүгээс "Цаашид алдаа дутагдал гаргахгүй байх" чиглэл өгсөн. Энэ дагуу удирдлагын баг тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй 16 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Энэ нь 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

  • Нэгдүгээрт, буюу хамгийн удаан нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх дээр шалгагдаж байгаа "Монгол драй милк"тэй холбоотой хэрэг 886 хоног анхан шатны шүүхэд хугацаа алдаад явж байна.
  • Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа "Эрэл" компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдээгүй удаа дараа хойшлогдож байна.
  • Гуравдугаарт, "Монгема" ХХК-ны холбоотой хэрэг 365 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа юм. Харин ямар шалтгаанаар удаж байгаа талаар бид мөн судлаж, анхаарал хандуулж, нэг шүүгчид хариуцлага хүлээлгэсэн" гэлээ. 

Мөн тэрбээр "Хөгжлийн Банкны 1.2 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий зээлдэгч нар зээлээ төлөхгүй, шүүхийн процесс хугацаа аваад байгаа учир ханшийн эрсдэлд орчихоод байна. Тэгэхээр Хөгжлийн Банканд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол зээлийг хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм.

Хоёрдугаарт, боловсон хүчинтэй холбоотой асуудал. Дээрх зээлүүд нэг өдөр үүсээгүй. Хөтөлийн цементийн үйлдвэртэй холбоотой зээлүүдээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхэд улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна.

Зээл олгох процесст эрсдэлийн болоод хуулийн, барьцаа хөрөнгийн гэхчлэн маш олон тайлан судалгаа гаргаж байж шийдвэр гаргадаг. Энэ шийдвэр гаргалтад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол ажлаас нь чөлөөлж байгаа. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтнуудыг чөлөөл гэдэг албан бичиг ирсэн.

Жишээлбэл, Хөгжлийн Банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан байгаа н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэрэгт Хөгжлийн банкны оффисыг худалдан авсан хэрэг мөн багтдаг. Уг хэрэгт хоёр хуульч томилж ажиллуулсны нэг нь хэлтсийн захирлын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүх хуралдаанд оролцсон төлөөлөгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

Мөн тус банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал нь ажилдаа ирэхээ больсон. Хэлтсийн дарга нь яллагдагчаар татагдаад шалгагдаж байгаа. Хэлтсийн хурал болохоор дарга нь яллагдагч, ажилтан нь хохирогчийн төлөөлөгч болчихсон өөд өөдөөсөө хараад сууж байх жишээтэй. Энэ бүх байдлыг шийдэх шаардлагатай байна. Эхнээс нь арга хэмжээ аваад ажлаас чөлөөлж байгаа. Үүнээс үүдэлтэй гомдол санал гарч байхыг үгүйсгэхгүй. Бид шийдэмгий алхам хийж, чөлөөлөх ёстой хүмүүсийг чөлөөлж байгаа" гэв.