Замын-Үүд боомтоор өдөр 100 чингэлэг нэвтэрч байна

Замын-Үүд боомтоор өдөр 100 чингэлэг нэвтэрч байна

ЗТХЯ-ны Ажлын хэсгийн мэдээллээр өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн логистикийн төвд 4 талбайд ачаа барааг зэрэг буулган гаалийн хяналтад оруулан нэвтрүүлж байна. Энд цар тахлын халдвараас сэргийлсэн хорио цээрийн нарийн дэглэм дор цэргийн тээврийн 50 албан хаагч, жолооч нар тээврийн автомашинаасаа буулгүйгээр цагийн хуваарийн дагуу хоёр хилийн хооронд ачаа барааг тээвэрлэж байна. БНХАУ-аас оруулж ирж буй ачаа бараанаас гадна гуравдагч орноос нийлүүлж буй импортын бусад ачаа зонхилж байна.

Энэ оны нэгдүгээр сарын 19-нөөс энэ сарын 22-ны байдлаар нийт 2200 чингэлгийг татан авч улсын хилээр нэвтрүүлээд байна. Хилийн тэг цэгээс татсан ачаа барааг буулгалгүйгээр шууд Улаанбаатар хот руу тээвэрлэх, эсвэл Замын-Үүдэд буулгаад өөрийн тээврийн хэрэгсэлд ачиж цааш тээвэрлэх эсэх сонголтыг барааг хүлээн авагч тал, ААН-үүдэд үлдээж байна. Ингэхдээ хилийн тэг цэгээс Замын-Үүд боомтын логистикийн төв хүртэлх зардлыг нэг чингэлэгт 500 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр нэвтрүүлж байна.