ШУУРХАЙ: Киев хот руу чиглэсэн гүүрийг дэлбэлж, Оросын давшилтыг зогсоосон гэж мэдэгдлээ

2022-02-26 00:08

Оросын арми Киев хотын Хостомелийн нисэх онгоцны буудлыг эзлэхийн тулд "десант амжилттай буулгасан" гэж мэдэгдлээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч, хошууч генерал И.Конашенков баасан гараг /2022.02.25/-т Оросын арми Киев хотын захад байрлах Хостомелийн нисэх онгоцны буудлыг эзлэхийн тулд "буух ажиллагааг амжилттай явууллаа” гэж мэдэгдлээ.

Тэрээр "Оросын 200 гаруй нисдэг тэрэг уг ажиллагаанд оролцсон бөгөөд буух бүсэд агаарын довтолгооноос хамгаалах системийг бүхэлд нь устгаж, байлдааны бүсийг агаараас бүрэн тусгаарлаж, цахим дайныг идэвхтэй явуулснаар буулт амжилттай болсон” гэжээ. Мөн И.Конашенков, “Оросын зэвсэгт хүчин сөрөг хүчний 200 гаруй цэргийг устгасан бөгөөд Оросын Зэвсэгт хүчинд ямар нэгэн хохирол учраагүй” гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-02-25 23:28

Их Британийн тагнуулын мэдээнд “Украин гол хотуудад хяналтаа хадгалсаар байна” гэжээ

Их Британийн батлан хамгаалахын тагнуулын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Орос баасан гараг /2022.02.25/-т Украинд хийсэн дайралтдаа "хязгаарлагдмал ахиц дэвшил" гаргасан гэжээ.

Тус мэдээлэлд, "Тэмцэл гол цэгүүдэд үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл Орос хязгаарлагдмал ахиц дэвшил гаргаж, харин Украин гол хотуудад хяналтаа хадгалсаар байна. Украины БХЯ, “Оросын цэргүүд Киевийн захын дүүрэгт ирсэн гэж мэдэгдлээ" гэж Их Британийн Батлан хамгаалах яам баасан гарагт твиттер хуудсандаа бичжээ. Мөн тус мэдээлэлд, "Оросын их бууны цохилт шөнөжин үргэлжилсэн" гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-02-25 23:10

ШУУРХАЙ: Украины нийслэл Киев рүү явах замд ширүүн тулаан болж байна

Украины нийслэл Киевээс хойд зүгт 105 км-ийн зайд орших Чернигов хотын эргэн тойронд Орос, Украины армийн хооронд ширүүн тулаан болж байна гэх мэдээллийг CNN агентлаг мэдээллээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам тус бүс нутагт тулалдаж байгааг хүлээн зөвшөөрч, Оросын зэвсэгт хүчин "Чернигов хотыг бүслэж, хааж дууслаа" гэж мэдэгдээд байна.

Харин Украины тал Чернигов орчимд Оросын армид их хэмжээний хохирол учруулж, гуч гаруй танк устгасан гэж мэдэгдлээ. Украины Зэвсэгт хүчний командлагч В.Залужный баасан гараг /2022.02.25/-ийн өглөө хэлэхдээ, “Украины арми Черниговд хамгаалалтыг барьж, Оросын цэргүүдийг няцаах боломжтой болсон” гэж мэдэгдсэн байна. Чернигов хот нь Беларусаас Киев хүрэх гол зам дээр байдаг байна. Иймд Украины нийслэл рүү чиглэсэн Оросын хуурай замын довтолгоо гурван чиглэлээр явж байна. Хоёр нь Беларусийн хойд чиглэл боловч Иванков дахь гүүрийг сүйтгэсний дараа Оросын баруун хойд зүгээс довтлох давшилтийг удаашруулсан гэж Украинчууд мэдэгджээ.

2022-02-25 16:31

ШУУРХАЙ: Киев хот руу чиглэсэн гүүрийг дэлбэлж, Оросын давшилтыг зогсоосон гэж мэдэгдлээ

Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин Украинд нэвтэрсэн Оросын механикжсан хүчин тус улсын нийслэл Киевээс 32 км-ын зайд байгаа бол, тус улс руу нэвтэрсэн өөр нэг Оросын механикжсан цэргийн хүчин Киевээс арай хол зайтай байгаа талаар Дэлхийн томоохон агентлагууд мэдээлж байна.

Учир нь эдгээр Оросын механикжсан армийн хүч Украины засгийн газрыг түлхэн унагах зорилгоор Киев рүү чиглэж байгаа юм.

Тэгвэл, Украины Батлан ​​хамгаалах яамнаас, “Тус улсын агаарын десантын цэргүүд Киевээс хойд зүгт зайд орших Иванков дахь Тетерив гол дээрх гүүрийг Оросын танкууд Киев хот руу чиглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “дэлбэлж” Оросын давшилтыг зогсоосон гэж мэдэгдлээ. Энэ мэдээлэл нь Киев хотод хоргодож буй оршин суугчдыг бага зэрэг тайвшруулаад байгаа аж.

Сонирхуулахад, Украины Киев, Харьков хотуудын гарцуудыг хаасан тул байдал намжтал иргэдээ татан авч чадахгүй боллоо гэж манай улсын ГХЯ-наас өнөөдөр /2022.02.25/ мэдэгдсэн билээ.

2022-02-25 11:54

ШУУРХАЙ: Оросын механикжсан цэргийн хүч Киев хотоос 32 км зайд ирээд байна гэж мэдэгдлээ

АНУ-ын засаг захиргаанаас “Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киевээс 20 миль буюу 32 км-ын зайд тулж ирээд байна” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, “Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин Украинд нэвтэрсэн Оросын механикжсан хүчин Киевээс 20 миль (32 км) зайд байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байдены засаг захиргааны дээд албан тушаалтан мэдэгдлээ гэж CNN агентлаг дамжууллаа. Мөн тус мэдээлэлд, “албаны хүмүүс ОХУ-аас Украин руу нэвтэрсэн өөр нэг Оросын механикжсан цэргийн хүчин Киевээс арай хол зайтай байна гэж тодорхойлсон боловч хоёулаа тус хотыг бүсэлж, Украины засгийн газрыг түлхэн унагах зорилгоор Киев рүү чиглэж байна” гэжээ.