МИАТ: Европын нислэг хэвийн үргэлжилж байна

МИАТ: Европын нислэг хэвийн үргэлжилж байна

Украинд үүсээд буй нөхцөл байдлын улмаас олон улсын зарим нислэгийн чиглэлд өөрчлөлт ороод буй. Тэгвэл Монголын МИАТ ТӨХК-иас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд:

"МИАТ ТӨХК нь ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна.

МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.

МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна" гэжээ.