Украин руу түрэмгийлсэн ОХУ-ын эсрэг дэлхийн улс орнууд хориг арга хэмжээ авч буйгаа ээлж дараалан мэдэгдсээр байна. Тэгвэл одоогийн байдлаар ОХУ-ын эсрэг ямар орнууд ямар хориг арга хэмжээ аваад буй талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
ЕВРОПЫН ХОЛБОО
Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өнөөдөр өглөө “Оросын эдийн засаг, улс төрийн элитүүдэд хамгийн их нөлөө үзүүлэхүйц хориг арга хэмжээ авахаа” мэдэгдлээ. Тодруулбал, Урсула фон дер Лейен “экспортын хяналт, худалдааны санхүүжилтэд чиглэсэн хориг арга хэмжээнүүд ОХУ-ын санхүү, эрчим хүч, тээврийн салбарт цохилт өгөх болно” гэв. Европын холбооноос
- Оросын банкны салбар болон төрийн өмчит гол компаниудын 70 хувийг онилж, "Орос газрын тос боловсруулах үйлдвэрээ шинэчлэх боломжгүй" болгох,
- Оросын элитүүдийг Европт өөрсдийн мөнгө, эд хөрөнгөө нууж боломжгүй болгохын тулд хадгаламжийг нь хязгаарлах,
- Мөн Орос руу онгоцны эд анги, тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдлээ.
ЯПОН
Япон улсын Ерөнхий сайд Фумио Кишида өнөөдөр Оросын санхүүгийн болон цэргийн байгууллага, хувь хүмүүст чиглэсэн олон төрлийн хориг арга хэмжээ авна гэж мэдэгдэв. Хориг арга хэмжээний хүрээнд Оросын нэр бүхий иргэд, санхүүгийн байгууллагуудын Япон дахь хөрөнгийг битүүмжлэхийн зэрэгцээ цэргийн байгууллагуудад түүхий эд экспортлохыг хориглох аж. Фумио Кишида хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд G7 болон бусад олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах болно гэв.
АВСТРАЛИ
Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр мөн мэдэгдэл хийж, Москва болон Думын 300 гаруй гишүүн, парламентын хувьд стратегийн ач холбогдолтой олигархуудад хориг арга хэмжээ авч эхэлнэ гэв. Түүнчлэн түрэмгийлэлд гар бие оролцсон Беларусийн эрх баригч, аж ахуй нэгжүүдэд хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Үүний өмнө Австралийн эрх баригчид ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн найман гишүүнд санхүүгийн хориг арга хэмжээ аваад байсан юм.
ШИНЭ ЗЕЛАНД
Шинэ Зеланд улс Оросын арми, аюулгүй байдлын хүчинд бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглолоо. Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн ОХУ-тай хийх худалдаагаа тасалж, тус улсын өндөр албан тушаалтнуудад зорчих хориг тавихаа өнөөдөр мэдэгджээ.
ТАЙВАНЬ
Тайвань өнөөдөр ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдэнэ гэдгээ зарласан ч одоогоор ямар арга хэмжээ авахаа тодорхой зарлаагүй байна. Тус улсын Гадаад хэргийн яам "Оросыг Украины эсрэг цэргийн түрэмгийллээ зогсоож, холбогдох талуудын хооронд аль болох хурдан энхийн яриа хэлэлцээг эхлүүлэхийг албадах зорилгоор" хориг арга хэмжээ авсан гэв.
АНУ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Оросын эсрэг хатуу шинэ арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Шинэ хориг арга хэмжээнд технологийн экспортын хориг багтсан байна. Тодруулбал, Оросын цэрэг, сансрын салбарыг хөгжүүлэх боломжийг эрс хязгаарлах хоригуудыг авч байгаа аж. Мөн дараах хоригуудыг авахаа мэдэгдээд байна. Үүнд:
- Цагаан ордны мэдэгдэлд"Орос руу хагас дамжуулагч, харилцаа холбоо, лазер, мэдрэгч, навигаци, авионик болон далайн технологи нийлүүлэхийг хориглоно” гэв.
- Мөн Оросын банкууд, өндөр албан тушаалтнуудтай холбоотой "тэрбумтнууд" болон тэдний гэр бүлийнхэнд ч хориг тавьсан байна.
- Эрчим хүчний Газпром, Оросын хамгийн том санхүүгийн байгууллага болох Сбербанк зэрэг төрийн өмчит 13 томоохон компанийг АНУ-д мөнгө босгохыг хориглов.
- Беларусийн хоёр томоохон төрийн өмчит банк, есөн батлан хамгаалах фирм долоон албан тушаалтан зэрэг тус улсын 20 гаруй хүн, компанид хориг тавихаа амлалаа.
ИХ БРИТАНИ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр ОХУ-ын эсрэг хувь хүн, аж ахуйн нэгжид чиглэсэн хориг тавихаар болсон тухай мэдэгдлээ. Тэрбээр парламентад хэлсэн үгэндээ "Оросын банкуудыг Их Британийн санхүүгийн системээс хасах болно” гэв.
- Мягмар гарагт Их Британи Оросын таван банканд хориг тавьсны дараа Оросын төрийн банк ВТБ-д активыг царцаахаар болов.
- Оросын төрийн болон хувийн компаниуд Их Британид хөрөнгө босгохыг хориглов.
- ОХУ-ын хувь хүн, аж ахуй нэгжүүдийн хөрөнгийг битүүмжлэх
- ОХУ-д дайны зэр зэвсэг нийлүүлдэг томоохон үйлдвэрлэгчдийн хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC, NYPost