Э.Чойням: Украин эрчүүдийг хилээр гаргахгүй авч үлдээд, эхнэр хүүхэд нь салж чадахгүй уйлж байгааг харах сэтгэл эмзэглэм байлаа /ВИДЕО/

Э.Чойням: Украин эрчүүдийг хилээр гаргахгүй авч үлдээд, эхнэр хүүхэд нь салж чадахгүй уйлж байгааг харах сэтгэл эмзэглэм байлаа /ВИДЕО/

Украин улсын Львов  хотод зохион байгуулагдах Олон улсын тэмцээнд оролцохоор манай улсын хоёр тамирчин тус улсыг зориод байсан талаар бид өмнө мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. Тэгвэл Украинаас Польш улсад очоод буй Жюү жицүгийн тамирчин Э.Чойнямтай Украины нөхцөл байдал болоод хэрхэн ямар замыг туулж, Польш улсад хүрсэн, эх орондоо яаж ирэх гэж байгаа талаар нь ярилцлаа.

ВИДЕО: 

-Та бүхэн хэзээ, ямар шалтгаанаар Украиныг зориод байсан бэ?

-Жюү жицүгийн европын нээлттэй тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор энэ сарын 22-ны өдөр Украины Львов хотод ирээд байсан. Нэг тамирчин маань араас ирэхээр байсан бөгөөд Турк улсад ирсэн байхад нь “Энд дайн болж байна. Ирээд хэрэггүй” гэж хэлээд ирүүлээгүй.

-Та бүхэн Украинд хаана байрлаж байсан бэ?

-Бид буудалд байрлаж байсан.

-Нөхцөл байдал хүндэрч байгаа талаарх мэдээллийг анх хэрхэн авав?

-Тэмцээн цуцлагдаад байдал эвгүйрхлээ гэж зохион байгуулж байгаа газраас мэдээлсэн. Тиймээс бид Львов хотод сурдаг монгол оюутантай холбогдсон. Харин өглөө үүрээр нь Оросууд дайрлаа гэсэн. Тэгээд монгол оюутнаа дуудаад хамт Украины Львов хотоос яаралтай гарах арга чарга хайсан.

-Тэгээд та бүхэн хэрхэн Украины хилээр гарав?

-Нислэгүүд бүгд цуцлагдаад нисэх ямар ч боломжгүй болсон байсан. Тиймээс газраар хамгийн түргэн шуурхай Украинаас гарах боломж байна гэдгийг хайсан. Ингээд такси дуудаж, авто вокзал руу нь очсон. Тэнд маш олон хүн байсан. Тэндээс нэг автобусны билет олж аваад хамгийн ойр улс болох Польш руу явахаар болсон.

-Украины хилээр гарах хүртэлх замд нөхцөл байдал хэрхэн харагдаж байсан бол?

-Такси ч олдохгүй маш их хэцүү болсон байсан. Үймээн самуун үүссэн, дэлгүүр нь дүүрэн хүнтэй, зам түгжирч, хүн ард нь айж сандарсан байдалтай байсан. Бид 60 км орчим замыг туулаад Украины хилээр гарах боломжтой газрыг бараг 5, 6 цаг явж туулсан.

-Маш олон хүн хилээр гарч байсан болохоор тэгж их түгжирч байсан байх даа?

-Тийм. Гэхдээ бас хилээр гарч байгаа хүн бүрийг цагдаа цэргийнхэн нь нэг бүрчлэн шалгаж, 18-60 насны Украин иргэдийг албан хүчээр буулгаж үлдээгээд, цэрэгт татаж байсан. Улсаасаа гарч болохгүй гээд. Харин хүүхэд эмэгтэйчүүд нь чөлөөтэй гарч байсан. Энэ шалгалт нь бас нэлээн удаж байсан учраас түгжрэл үүсгэж байсан болов уу.

-Хилээр гарахад виз дарсан болов уу?

-Үгүй ээ. Хилээр гарахад Польш виз дарахгүй байгаа юм билээ. Польш улс Украинаас орж ирж байгаа иргэдийг 14 хоног визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан юм шиг байна лээ. Польш дахь Монголын Элчин сайд яамнаас бид нарыг оруулж өгөөч гэсэн хүсэлт гаргаж, тусалж дэмжсэн. Үүний үр дүнд л бид түргэн шуурхай орж ирсэн.  

-Ер нь Польш улс Украинаас ирж байгаа иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байна гэж ойлгож болох уу?

-Дам ярианаас сонсоход тийм мэдэгдэл гаргасан юм шиг байна лээ. Гэхдээ биднийг маш сайн шалгаж байсан. Монгол Улсын Элчин сайдын яамнаас манай улсын иргэдийг нэвтрүүлж өгөөч гэсэн хүсэлт явуулсны үндсэн дээр чөлөөтэй нэвтрүүлсэн байх.

-Польш Украин улсын иргэдийг нэвтрүүлж байсан болов уу?

-Украинчуудыг оруулж байна лээ.

-Хил дээр нөхцөл байдал яг ямар байсан бэ?

-Хил дээр нэлээн үймээн самуунтай, хүмүүс нь энд тэнд уйлсан байдалтай байсан. Учир нь Украин эрчүүдийг хилээр гаргахгүй байсан болохоор ээж, эхнэр, хүүхэд нь аав, нөхрөөсөө салж чадахгүй уйлж байсан. Үнэхээр хэцүү сэтгэл өвтгөм харагдаж байсан. Түүнийг хараад үнэхээр болдог бол үлдээд дайнд нь оролцмоор ч юм шиг санагдаж байсан шүү. Үнэхээр хэцүү харагдаж байсан.

-Та хэд айж сандарч байсан уу. Хүйсийн хувьд ямар хүмүүс явж байгаа бол?

-Гурван эрэгтэй, нэг эмэгтэй явж байгаа. Бид нээх айж сандраагүй. Гэхдээ тэр түгшүүрийн дохио л хүнийг их түгшээчихдэг юм билээ. Онгоц нисээд л.

-Түгшүүрийн дохио нь ямар үед дуугарч байгаа бололтой байсан бэ?

-Ерөнхийдөө Оросууд дайраад эхэлсэн буюу дэлбэрэлт болсноос хойш л түгшүүрийн дохио ажилласан. Тэнд хүмүүс хүнсээ цуглуулж, шатахуунаа нөөцлөөд хотоосоо гарч байсан. Хаа сайгүй дараалал үүсэж байсан зэрэг нь л өөрөө айдас хүргэж байсан.

-Тухайн үеийн нөхцөл байдлыг дүрсэлж яривал?

-Чемадомаа чирээд, хүүхдээ тэврээд айж сандарсан их л яаруу хүмүүс харагдаж байсан. Эмэгтэйчүүд, хүүхдүүд нь уйлаад л үнэхээр сэтгэл өвтгөм харагдаж байна лээ.

-Та бүхэн одоо Польшид хаана байрлаж байна вэ?

-Манай нэг таньдаг эгч биднийг тосож аваад гэртээ авч ирээд хоол идүүлээд байж байна. Одоо Элчин сайдын яам руугаа явна. Тэндээс бид нарыг хүрээд ир Элчин сайдын яамандаа байрлуулж байгаад монгол руугаа явуулна гэсэн. Бидний монгол руу явах зардал мөнгийг бүгдийг даана гэж мэдээлсэн.