Оросууд Украин руу довтлоход Беларусь улс гол үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, Оросын арми Беларусийн дэмжлэгтэйгээр Беларусь-Украины хилийг давсан гэж Украины албаныхан мэдэгдсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа довтолгоонд дэмжлэг үзүүлсэн Беларусийн батлан хамгаалахын есөн компанид хориг арга хэмжээ авсан.
Тэгвэл Беларусийн Батлан хамгаалах яаманд ажилладаг хакерууд Украины цэргийн албан хаагчид болон тэдний хамтран ажиллагсдын хувийн цахим шуудангийн хаягийг эвдэхийг оролдсон олон тооны “фишинг” шуудан илгээсэн гэж Украины албаныхан баасан гараг /2022.02.25/-т мэдэгдлээ. Харин хакердах оролдлого хэр амжилттай болсон нь одоогоор тодорхойгүй байгаа ч тэд Беларусийн тагнуулын албад, улмаар Украины нийслэл Киевт цохилт өгөх Оросын цэргүүдэд хэрэгтэй мэдээлэл өгөх боломжтой гэж үзсэн бололтой гэжээ.