Хоригийн улмаас ОХУ-ын зарим банкны үйлчлүүлэгчид гадаадад төлбөр тооцоо хийх боломжгүй болов

Хоригийн улмаас ОХУ-ын зарим банкны үйлчлүүлэгчид гадаадад төлбөр тооцоо хийх боломжгүй болов

АНУ, Европын холбооноос Оросын хэд хэдэн томоохон банканд хориг тавьсан. Хоригийн улмаас ОХУ-ын хэрэглэгчид гадаадад “Visa” болон “Mastercard”-аар төлбөр тооцоо хийх боломжгүй болсон талаар “Vedomosti” мэдээлжээ.

Мөн гадаадын сайтаас худалдан авалт хийхдээ хориглогдсон банкны картаар төлбөр хийх боломжгүй аж. Тиймээс ОХУ-ын банкууд өөр улсад байгаа иргэдийг бэлэн мөнгөө аль болох хурдан авах эсвэл өөр банкны данс руу шилжүүлэхийг зөвлөж байна.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өчигдөр өглөө “Оросын эдийн засаг, улс төрийн элитүүдэд хамгийн их нөлөө үзүүлэхүйц хориг арга хэмжээ авахаа” мэдэгдсэн. Тодруулбал, Урсула фон дер Лейен “экспортын хяналт, худалдааны санхүүжилтэд чиглэсэн хориг арга хэмжээнүүд ОХУ-ын санхүү, эрчим хүч, тээврийн салбарт цохилт өгөх  болно” гэв. Европын холбооноос

  • Оросын банкны салбар болон төрийн өмчит гол компаниудын 70 хувийг онилж, "Орос газрын тос боловсруулах үйлдвэрээ шинэчлэх боломжгүй" болгох,
  • Оросын элитүүдийг Европт өөрсдийн мөнгө, эд хөрөнгөө нууж боломжгүй болгохын тулд хадгаламжийг нь хязгаарлах,
  • Мөн Орос руу онгоцны эд анги, тоног төхөөрөмжүүдийн нийлүүлэлтийг хязгаарлах арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: vedomosti