Чеченийн генерал Магомед Тушаевыг Киевийн ойролцоо устгасан гэж мэдэгдлээ

Чеченийн генерал Магомед Тушаевыг Киевийн ойролцоо устгасан гэж мэдэгдлээ

Чеченийн бүс нутгийн удирдагч Оросын цэргүүдтэй тулалдаанд оролцохын тулд байлдагчдаа Украины бүс нутагт байршуулсан талаарх мэдээлэл гадаадын зарим хэвлэлээр цацагдсан.

Мөн Чеченийн удирдагч Рамзан Кадыров интернет сүлжээнд байршуулсан бичлэгтээ “Чечений арми Украины цэргийн байгууламжийг ямар ч хохирол амсалгүй амжилттай эзэлсэн” хэмээгээд байв.

Тэгвэл Киевийн ойролцоо, Гостомелийн нисэх онгоцны буудлын орчимд Украины зэвсэгт хүчин Чеченийн генерал Магомед Тушаевыг устгасан талаар “Оbozrevatel” агентлаг мэдээлээ. Магомед Тушаев алагдсан талаарх мэдээллийг  Украины Аюулгүй байдлын албаны эх сурвалж “Оbozrevatel” агентлагт ирүүлсэн байна. Магомед Тушаев нь Кадыровын хамгийн элит анги болох Чечений үндэсний гвардийн 14-р мото-полкийн дарга юм.

Нөгөө талаар Чеченийн цэргүүд Украин руу дайрч эхэлсэн гэсэн мэдээг зарим хэвлэл ОХУ-аас явуулж буй нэг төрлийн сэтгэл зүйн дайралт гэж үзэж байна. Тодруулбал, энэ талаар “Foreignpolicy” Чеченийн цэргүүдийг украинчуудын эсрэг сэтгэл зүйн зэвсэг болгон ашиглаж буй Оросын суртал ухуулга юм хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: obozrevatel