ОХУ-ын түрэмгийлэлтэй зэрэгцэн Хойд Солонгос улс Японы тэнгис рүү пуужин харважээ

ОХУ-ын түрэмгийлэлтэй зэрэгцэн Хойд Солонгос улс Японы тэнгис рүү пуужин харважээ

Өнөөдөр /2022.02.27/ Хойд Солонгос Японы тэнгис рүү пуужин харвасан талаар Японы Засгийн газар мэдэгдэл хийлээ.

“Пуужин 300 орчим километр нисэж, 600 километрийн өндөрт хүрснийхээ дараа Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Нобуо Киши мэдэгдээд “ямар нэгэн хохирол учраагүй” гэв. Токио, Пёньян дипломат харилцаагүй учир Японы Засгийн газар Бээжин дэх Японы элчин сайдын яамаар дамжуулж Хойд Солонгост эсэргүүцлээ илэрхийлжээ.

Нобуо Киши “Олон улсын хамтын нийгэмлэг ОХУ Украины эсрэг түрэмгийлж байгаа энэ үеийг ашиглан пуужин хөөргөсөн явдлыг бид хэзээ ч зөвшөөрч чадахгүй” гэв.

Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши телевизэд өгсөн ярилцлагадаа “Орос хөрш рүүгээ халдан довтолсны нөлөө Европоор хязгаарлагдахгүй бөгөөд Зүүн Азид нөлөөлж болзошгүй” гэж хэлээд “Украины хямрал, пуужин харвасан явдал ямар нэг холбоо байгаа эсэхийг хараахан судлаагүй байна” гэжээ.

Японы ерөнхий сайд Фумио Кишида Засгийн газартаа олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, усан онгоц, нисэх онгоцны аюулгүй байдлыг хангах, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахыг үүрэг болгов. Пёньян он гарсаар найм дахь удаагаа пуужингийн туршилт хийж байгаа нь энэ юм.

Эх сурвалж: Kyodo News

Э.Мишээл