ШУУРХАЙ: Беларусьт “хэлэлцээ хийх” Оросын саналаас В.Зеленский татгалзаж, Польш, Турк зэрэг улсад “уулзах санал” гаргав

2022-02-27 22:08

ШУУРХАЙ: Украины төлөөлөгчид Беларусийн хил дээр Оросуудтай уулзахаар тохиролцсон гэж мэдэгдлээ

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко өнөөдөр /2022.02.27/ Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан тухай Ерөнхийлөгч В.Зеленскийн ажлын албанаас мэдээллээ.

Энэ үеэр, "Украины төлөөлөгчид Припять голын ойролцоох Украин-Беларусийн хил дээр ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр Оросын төлөөлөгчидтэй уулзана гэж улстөрчид тохиролцсон" гэж түүний ажлын албанаас мэдэгдэв. А.Лукашенко, тус уулзалтын аюулгүй байдлыг хариуцаж, “Украины төлөөлөгчдийг зорчих, уулзах, буцах үед Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд газар дээр байх үүрэгтэй” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

2022-02-27 19:39

ШУУРХАЙ: Беларусьт хэлэлцээр хийхэд шийдвэр гаргах эцсийн хугацааг Орос Украинд өглөө

ОХУ Украины албаныханд өнөөдөр /2022.02.27/ орон нутгийн цагаар 15:00 цаг хүртэл хугацаа өгч, Беларуст хэлэлцээ хийх эсэхээ шийднэ гэлээ.

Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины туслах В.Мединский РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа, “Заасан цаг хүртэл тэднээс хариу хүлээж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрээр "Хэрэв яриа хэлэлцээнээс татгалзвал цус урсгасан бүх хариуцлагыг Украины тал хүлээх болно. Гэхдээ бид 15:00 цаг хүртэл энд байж, Украины талаас хариу хүлээж байна" гэжээ. Мөн Кремлийн төлөөлөгч Д.Песков, “Оросын төлөөлөгчид Украины төлөөлөгчидтэй тохиролцохоор Беларусь улсад аль хэдийн очсон” гэж РИА Новостид өнөөдөр /2022.02.27/ мэдээлэл өгсөн бол,

Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко “Украиныг Оростой хэлэлцээр хийхээр тус улсад ирэхийг хүлээж байна” гэж мэдэгдээд байна.  

Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “ОХУ-тай яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаа ч Беларусьт уулзалт хийх саналаас татгалзаад байгаа юм. Учир нь Беларусь бол Оросын холбоотон бөгөөд Оросыг Украин руу довтлоход гол үүрэг гүйцэтгэсэн” гэж буй.

Мөн АНУ-ын Төрийн департамент пүрэв гараг /2022.02.24/-т В.Зеленский "Оросын түрэмгийллийн гол бай" хэвээр байна гэж мэдэгдсэн бол, В.Зеленский "Оросууд намайг нэгдүгээр бай гэж тэмдэглэсэн" хэмээн мэдэгдсэн.

Эх сурвалж: CNN

2022-02-27 19:12

ШУУРХАЙ: Беларусьт “хэлэлцээ хийх” Оросын саналаас В.Зеленский татгалзаж, Польш, Турк зэрэг улсад “уулзах санал” гаргав

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “ОХУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн” гэдгээ мэдэгдсэн ч Беларусь улсын нийслэл Минскт уулзалт зохион байгуулах Оросын саналыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Учир нь Оросууд Украин руу довтлоход Беларусь гол үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, Оросын цэргүүд Беларусийн засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын хилээр нэвтэрсэн гэж Украины албаны хүмүүс мэдэгдэж буй. Харин Жо Байдены засаг захиргаа довтолгоонд дэмжлэг үзүүлсэн Беларусийн есөн компанид хориг арга хэмжээ аваад байгаа юм.

Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Беларусьт хандаж хэлсэн үгэндээ, “Хэрэв танай нутаг дэвсгэрээс түрэмгий үйлдэл гарахгүй бол бид танай Минск хотод ярилцаж болно. Чамайг төвийг сахисан байхад бид Минскт ярьж байсан. Тиймээс бид одоо Минскт ярихгүй” гэжээ. Учир нь 2015 онд Украин, Оросын албаны хүмүүс Беларусь улсынМинск хотод уулзаж, “Минскийн хэлэлцээр”-ийг боловсруулж, Украины хоёр бүс нутагт Оросыг дэмжигч салан тусгаарлагчдын мэдэлд авч, гал зогсоох хэлэлцээрийг баталж байсан юм. 

Харин В.Зеленский, "Мэдээж бид энх тайвныг хүсч, уулзахыг хүсч байна. Бид дайныг дуусгахыг хүсч байна гээд Польш улсын нийслэл Варшав, Словакын нийслэл Братислав, Туркийн Истанбул, Азербайжаны Баку хотуудын аль нэгэн хэлэлцээ хийх саналыг ОХУ-д тавьсан байна.

Эх сурвалж: CNN