ШУУРХАЙ: Киев хотын дарга "дайсан Украины нийслэл хотын захад байна" гэж мэдэгдлээ

2022-03-01 22:33

ШУУРХАЙ: Оросын арми Киевийн объектуудад цохилт өгнө гэж ОХУ-ын төрийн хэвлэл дамжуулжээ

Оросын арми өнөөдөр /2022.03.01/ Киев хотын зарим объектуудад цохилт өгөхөө мэдэгдэж, ойролцоо амьдардаг энгийн иргэдийг орхин явахыг анхааруулжээ.

“ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас Украины аюулгүй байдлын алба болон Киев хот дахь мэдээлэл зүйн ажиллагааны 72 дугаар төвийг онилно” гэж мэдэгдсэн талаар Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлагаар өнөөдөр /2022.03.01/ дамжуулжээ.

Тус мэдэгдэлд “Оросын эсрэг мэдээллийн халдлагыг таслан зогсоохын тулд SBU-ийн технологийн байгууламжууд болон Киев дахь 72 дугаар төвийг өндөр нарийвчлалтай зэвсгээр цохино” гэж дурджээ. Мөн “буухиа зангилаа”-ны ойролцоо амьдардаг Киевийн оршин суугчид гэр орноо орхин гарахыг бид уриалж байна” гэжээ. "Буухиа зангилаа" гэдэг нь харилцаа холбооны цамхаг, том антен гэдгийг CNN агентлаг онцолжээ.

Эх сурвалж: CNN

2022-03-01 21:30

ШУУРХАЙ: Киев хотын дарга "дайсан Украины нийслэл хотын захад байна" гэж мэдэгдлээ

Киев хотын дарга В.Кличко өнөөдөр /2022.03.01/ мэдээлэл хийж, "Дайсан нийслэлийн захад байна" гэж анхааруулж, Украины арми Киевийг хамгаалахаар бэлтгэж байна гэжээ. 

В.Кличко “Манай зэвсэгт хүчин нутаг дэвсгэрийнхээ төлөө баатарлагаар тулалдаж байна. Хотын үүдэнд бэхлэлт, шалган нэвтрүүлэх цэгүүдийг байгуулсан. Би хүн бүрийг тайван байхыг хүсч байна. Шаардлагагүй бол гадуур гарч болохгүй, түгшүүрийн үед хамгаалах байранд байгаарай" гэжээ.

Сонирхуулахад, өнөөдөр /2022.03.01/ “Хуягт машин, танк, чирэх их буу болон бусад ложистикийн тээврийн хэрэгслээс бүрдсэн 60 гаруй км-ын урт Оросын цэргийн цуваа Украины нийслэл Киев хот руу чиглэн явааг АНУ-ын Максар компанийн хиймэл дагуулаас авсан зургууд илчилсэн. 

Мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский илгээлтдээ, “Киевийг хамгаалах нь засгийн газрын “хамгийн чухал зорилт” гэж хэлсэн. Тэрээр, “Киев бол онцгой. Хэрэв бид Киевийг хамгаалвал төрөө хамгаална. Энэ бол манай улсын зүрх бөгөөд энэ нь цохилж байх ёстой" гэж мэдэгдсэн юм. Иймд Киев хотын дарга В.Кличко түүнийг хэлсэн үгийг давтаж, Оросын арми “манай улсын зүрхийг эзлэхийг” хүсэж байна. Бид тулалдах болно, бид Киевийг өгөхгүй" гэж тэр мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

2022-03-01 11:08

Цагаан ордон “Оросын цувааг анхааралтай ажиглаж, 40 гаруй миль урттай байгаа”-г мэдээлэв

АНУ-ын Цагаан ордон, “Оросын цэргийн цувааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Максарын хиймэл дагуулаас авсан шинэ зургуудаас үзэхэд Киевийн захад хүрч, 40 гаруй миль урттай байгаа бололтой” гэж мэдээлжээ.

Энэ тухай мэдээлэлд, “Зөвхөн цувааны хэмжээ төдийгүй сүүлийн өдрүүдэд хүчирхийлэл, энгийн иргэдийн амь нас, хохирох нь нэмэгдэж байгаад санаа зовж байна. Оросын түрэмгийлэл одоо "илүү хэцүү" болж байна гэж эмээж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN

Украины Инваньков хотоос баруун хойд зүгт шатаж буй байшингууд (Maxar Technologies)

 

2022-03-01 10:36

Украинд Оросын армийн их давлагаа ирэх төлөвтэй байгааг АНУ-ын албаныхан анхааруулжээ

АНУ-ын засаг захиргааны албан тушаалтнууд даваа гараг /2022.02.28/-т нууц мэдээлэл хийх үеэрээ хууль тогтоогчдод хандан, “Оросын армийн хоёр дахь давлагаа Украин ирэх төлөвтэй байна. Харин Украин эсэргүүцлийг даван туулж чадна” гэжээ.

Мөн албаны хүмүүс, “Орос Украины нийслэл Киевийг бүслэх магадлалтай” гээд дайны муу дүр зургийг урьдчилан таамаглажээ. Цаашлаад тус мэдээллийн үеэр, “ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины сэтгэцийн байдлын талаарх асуултууд гарч ирсэн ч засаг захиргааны ажилтнууд тодорхой хариулсангүй”гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: CNN

2022-03-01 10:12

Киев хотын ойролцоо Оросын цэргийн цуваа хиймэл дагуулаас авсан зургаас харахад 60 гаруй км-ын урт байна

АНУ-ын Максар компанийн хиймэл дагуулаас авсан зургуудад Украины нийслэл Киев хот руу баруун хойд зүгээс ойртож буй Оросын цэргийн техник, хэрэгслийн цуваа олон километр урт үргэлжилж байгааг харуулжээ.

Даваа гараг /2022.02.28/-ийн орой Максар компанийн төлөөлөл хэлэхдээ,“Хуягт машин, танк, чирэх их буу болон бусад логистикийн машинуудаас бүрдсэн цэргийн том цуваа ойролцоогоор 40 гаруй миль /64 км/ урттай байна. Даваа гараг /2022.02.28/-т тус цуваа ойролцоогоор 17 миль (75 км) замыг туулсан”гэж мэдэгджээ. Мөн Иванков хотоос хойд болон баруун хойд зүгт, цуваа явж буй замын ойролцоо хэд хэдэн байшин, барилгаас утаа гарч байгаа бөгөөд, яг юунаас болж утаа үүссэн нь одоогоор тодорхойгүй байна гэжээ.

Эх сурвалж: CNN

Иванковын хойд хэсэгт гал гарч байна (Maxar Technologies)

(Maxar Technologies)