Киевийн ойролцоох “амаржих газар” пуужинд өртсөн гэж клиникийн дарга мэдэгджээ

2022-03-02 10:02

ФОТО: Оросын цэргүүдийн эзэлсэн Украйны хэсгүүдийг харуулжээ

Оросын Украин руу орсноос хойш бараг долоо хоногийн дараа Москвагийн арми тус улсын хойд, зүүн, өмнөд хэсэгт орших хилийн бүс нутгуудад томоохон ахиц дэвшил гаргасан ч, нийслэл Киев рүү чиглэсэн давшилтын ахиц муу байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Тодруулбал тус мэдээлэлд, “өчигдөр /2022.03.01/ Оросын арми хэд хэдэн гол хот руу довтолж, Украины зүүн хойд хэсэгт орших хоёр дахь том хот болох Харьковыг бөмбөгдсан. Тэд мөн өмнөд хэсгийн зарим боомт хотууд руу дайрч, өөр хэд хэдэн хотыг бүсэлсэн байх магадлалтай” гэжээ.

Мөн Орос Киев рүү дайрах ажиллагаагаа эрчимжүүлж, өчигдөр /2022.03.01/ Холокостын дурсгалын газрыг пуужингаар харваж, хотын ойролцоох хувийн амаржих газар руу буудсан. Энэ хооронд Оросын танк, хуягт машин, чирсэн их бууны цуваа 60 гаруй км-ын урттай Украины нийслэлийг чиглэн явж байгааг Максар компанийн “хиймэл дагуулаас авсан зураг” харуулсан гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-03-02 09:06

Киевийн ойролцоох “амаржих газар” пуужинд өртсөн гэж клиникийн дарга мэдэгджээ

Өнгөрөгч шөнө /2022.03.01-02/ Украины Киев хотын ойролцоох хувийн амаржих газар руу пуужин унасан тухай "Адонис" амаржих газрын дарга В.Гирин фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.

Тэрээр, "Амаржих газар руу пуужин туссан. Их хэмжээний хохирол учирсан ч барилга зогсож байна. Бүгдийг нүүлгэн шилжүүлсэн" гэжээ. Мөн тэрээр хүмүүсийг эмнэлэгт ирэхгүй байхыг онцгойлон хүссэн бөгөөд "Хамгийн чухал нь эндээс хэнийг ч авах гэж битгий ирээрэй. Бүгд аюулгүй газар, аюулгүй байдалд байгаа" гэжээ.

Эх сурвалж: CNN

2022-03-02 08:58

Киевээс баруун зүгт орших хотод болсон цэргийн дайралтын үеэр орон сууцны байшингуудыг бөмбөгджээ

Манай цагаар өнгөрөгч шөнө Оросын арми Украины зарим хотууд руу хуурай замын цэрэг оруулж, орон сууцны хороолол дээр бөмбөг хаясан талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Тухайлбал, Украины Бороджанка гэх жижиг хот руу өнгөрөгч шөнө /2022.03.01-02/ Оросын цэргийнхэн довтолж, хоёр орон сууцны байшинг нураасан нь олон нийтийн сүлжээгээр цацагджээ.

Цэргийн цохилтоос хэдхэн хормын дараа авсан видео бичлэг дээр нэг хүн "Юу болоод байгааг хар л даа. Тэд бүх зүйлийг бөмбөгдөж байна" гэж хашгирч байгаа нь үлджээ. Цохилтын улмаас орон сууцны барилгуудын зарим хэсэг нь нурж, фасадных нь нэлээд хэсэг нь алга болсон байна. Мөн ойролцоох тоглоомын талбай шатаж, дүүжин сандал, гулсуурууд нь нуранги, бутарсан модонд дарагджээ. Зарим эх сурвалжууд "Онгоц энэ газрын дээгүүр хоёр удаа нисэж, 3-4 бөмбөг хаясан” гэжээ.

Эх сурвалж: CNN