Оросын Украин руу орсноос хойш бараг долоо хоногийн дараа Москвагийн арми тус улсын хойд, зүүн, өмнөд хэсэгт орших хилийн бүс нутгуудад томоохон ахиц дэвшил гаргасан ч, нийслэл Киев рүү чиглэсэн давшилтын ахиц муу байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.
Тодруулбал тус мэдээлэлд, “өчигдөр /2022.03.01/ Оросын арми хэд хэдэн гол хот руу довтолж, Украины зүүн хойд хэсэгт орших хоёр дахь том хот болох Харьковыг бөмбөгдсан. Тэд мөн өмнөд хэсгийн зарим боомт хотууд руу дайрч, өөр хэд хэдэн хотыг бүсэлсэн байх магадлалтай” гэжээ.
Мөн Орос Киев рүү дайрах ажиллагаагаа эрчимжүүлж, өчигдөр /2022.03.01/ Холокостын дурсгалын газрыг пуужингаар харваж, хотын ойролцоох хувийн амаржих газар руу буудсан. Энэ хооронд Оросын танк, хуягт машин, чирсэн их бууны цуваа 60 гаруй км-ын урттай Украины нийслэлийг чиглэн явж байгааг Максар компанийн “хиймэл дагуулаас авсан зураг” харуулсан гэжээ.
Эх сурвалж: CNN