Орос, Украины төлөөлөгчид өнөөдөр /2022.03.03/ Беларусь улсад хоёр дахь шатны хэлэлцээгээ хийх гэж байна. Украйны ерөнхийлөгчийн зөвлөх тэднийг хэлэлцээндээ явж байгааг нотолсон байна.
Оросын албаны хүмүүс өнөөдөр /2022.03.03/ болно гэж мэдэгдсэний дараа Украины төлөөлөгчид уулзалтын цэг рүү явж байна гэж М.Подоляк твиттер хуудсандаа бичжээ. Тодруулбал, тэрээр “ОХУ-тай яриа хэлэлцээ хийх замдаа гарч, аль хэдийн нисдэг тэргэндээ суусан. Хоёр цагийн дараа эхэлнэ" гэж бичжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Оросын төлөөлөгчид Беларуст Украины төлөөлөгчдийг хүлээж байгаа. Манай төлөөлөгчид өчигдөр /2022.03.02/ шөнө хэлэлцээ хийх газраа очсон. Украины хэлэлцээчдийг өчигдөр шөнөжин, дараа нь өглөө хүлээсэн. Тэд одоо ч хүлээж байна. Украины хэлэлцээчид яарахгүй байгаа нь тодорхой. Тэднийг өнөөдөр ирнэ гэж найдъя" гэжээ.
Учир нь хоёр улсын төлөөлөгчид лхагва гараг /2022.03.02/-т уулзаж, хоёр дахь шатны хэлэлцээ хийх ёстой байсан юм. Харин өнгөрсөн Даваа гараг /2022.03.01/-т болсон эхний хэлэлцээ таван цаг үргэлжилсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Эх сурвалж: CNN