ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Дэлхийн III дайн цөмийн дайн байх болно” гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд “Дэлхийн III дайн цөмийн дайн байх болно” гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дотоодын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн III дайн цөмийн дайн байх болно” гэж хэлжээ.

Мөн тэрбээр “Украиныг цөмийн зэвсэгтэй болгохыг ОХУ зөвшөөрөхгүй. Ерөнхийлөгч В.Путины тушаалаар манай зэвсэгт хүчин цөмийн довтолгооноос сэрэмжилж байна” хэмээгээд хэрэв нөхцөл байдал даамжирвал цөмийн дайны хэлбэрт шилжиж болно гэдгийг тодорхой хэлсэн байна.  

Ярилцлагын төгсгөлд Лавров “Орос Украинтай хоёр дахь шатны хэлэлцээ хийхэд бэлэн байгаа. Гэвч Украин Америкийн хүслийг дагаж байна. Украинд Зөвлөлтийн цөмийн технологи байгаа. Тиймээс Орос улс болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд хариу арга хэмжээ авах шаардлагатай болно. Гэвч энэ нь асар их сүйрлийг дагуулна. Барууны орнууд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад цэргийн бааз байгуулах ёсгүй. Украины цөмийн зэвсэгтэй болох оролдлогыг Орос зогсооно” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ долоо хоногийн эхээр цөмийн зэвсгийн хүчнээ бэлэн байдалд оруулах тушаал өгсөн. Түүний шийдвэрт АНУ тэргүүтэй барууны орнууд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм.