Оросууд "Украины хотуудыг бөмбөгдөж, 1000 хүртэл хөлсний цэрэг байршуулна” гэж Тагнуулын албан тушаалтан мэдэгджээ

Оросууд "Украины хотуудыг бөмбөгдөж, 1000 хүртэл хөлсний цэрэг байршуулна” гэж Тагнуулын албан тушаалтан мэдэгджээ

Барууны тагнуулын өндөр албан тушаалтан “Москва Украины хотуудыг бөмбөгдөж, энгийн номхон иргэдийг хохироож болзошгүй. Орос ойрын долоо хоногт Украинд 1000 хүртэл хөлсний цэрэг оруулахаар зэхэж байна" гэж анхаарууллаа.

Тэрээр, “ОХУ-ын хөлсний цэргүүд Москвагийн Украиныг довтлох ажиллагааны "зарим газарт" оролцсон байж магадгүй. Үүнийг нотлох зарим “шинж тэмдэг"-ийг АНУ олж харсан. Орос ойрын ирээдүйд 1000 хүртэл хөлсний цэрэг оруулахаар төлөвлөж байна.

Оросын зарим хүчин дайны талбарт сэтгэл санааны асуудал болон бүтэлгүйтэлтэй тэмцэж байна. Тэр дундаа Киевээс хойд зүгт байрлах асар том цуваа сүүлийн хэдэн өдөр гацсан хэвээр байна.

Орос Украин руу довтлох ажиллагаа хоёр дахь амралтын өдрөө үргэлжилж байгаа тул хөлсний цэргүүд гол давшилт хийх ангиудыг бэхжүүлнэ” гэж Барууны тагнуулын өндөр албан тушаалтан хэлжээ. Мөн тэрээр нэмж хэлэхдээ, “Украинд байгаа хөлсний цэргүүд "Украины хатуу эсэргүүцэлтэй тулгарсан тул муу ажилласан. Хоёрдугаар сарын сүүлчээр дайнд 200 гаруй хөлсний цэрэг алагдсан байна” гэжээ.

Мөн, “Оросууд одоо хотуудыг бөмбөгдөхөд бэлэн байна. Энэ нь энгийн номхон хүмүүсийн амь үрэгдэх тоог улам бүр нэмэгдүүлнэ. Энэ бол маш бүдүүлэг хандлага. Оросын стратеги цэргийн бай байснаа одоо энгийн иргэд рүү шилжиж, хүн амын төвлөрөл рүү илүү олон халдлага үйлдэж байна” гэжээ.

Сонирхуулахад, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Столтенберг, “Ирэх хоёр хоногт Украйны байдал улам дордоно. Олон хүн амиа алдана, сүйрэл улам ихсэх болно. Иймд НАТО Оросыг ямар ч нөхцөлгүйгээр цэргээ нэн даруй гаргаж, хэлэлцээр эхлүүлэхийг уриалж байна. НАТО Оростой дайн хийхийг эрмэлздэггүй бөгөөд зөрчил гарахаас зайлс хийхийн тулд цэргийн харилцааны сувгийг нээлттэй байлгах болно. НАТО-гийн нисэх онгоц, цэргүүд Украинд байх ёсгүй гэж тус эвсэл үзэж байгаа” гэж өчигдөр /2022.03.04/ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN