Украин өмнөд нутгийн хоёр хот болох Мариуполь, Волновахад түр гал зогсоохоор тохиролцож, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг Оросын тал зөвшөөрсөн талаар CNN агентлаг мэдээлсэн.
Тэгвэл Мариуполь хотын зөвлөл, “нүүлгэн шилжүүлэх коридор байгуулах талаар ОХУ-тай хэлэлцээр үргэлжилж байгаа тул тулалдааны талбараас зугтахыг хүссэн оршин суугчдыг хоргодох байрандаа буцахыг хүссэн” байна. Тэд мэдэгдэлдээ, “Нүүлгэн шилжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй ирнэ. Одоогийн байдлаар ОХУ-тай гал зогсоох дэглэм тогтоож, хүмүүнлэгийн аюулгүй коридорыг хангах талаар хэлэлцээ хийж байна. Цагдаагийнхан чанга яригчийн тусламжтайгаар хотын иргэдэд мэдээлэл өгөх болно” гэжээ. Бямба гараг /2022.03.05/-ийн үүрээр Оросын арми Мариуполь, Волноваха хотуудыг бөмбөгдөхөө түр зогсоож, энгийн иргэдийг дүрвэх боломж олгохоо мэдэгдсэн ч тэд галаа зогсоохгүй байгаа бололтой.
Эх сурвалж: CNN