БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Орос, Украины хооронд үүсээд буй асуудлаар мэдэгдэл хийжээ.
Энэ үеэр тэрбээр “Оросын эзлэн түрэмгийллийг олон улсын зүгээс буруушааж байгаа. Гэвч Орос-Хятадын найрамдал бат бөх хэвээр бөгөөд манай улс энх тайвныг тогтооход зуучлагч болоход бэлэн байна” гэжээ. Мөн Хятад, Оросын харилцааг “энх тайван, тогтвортой байдал, хөгжилд тустай дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа" гэж тодорхойлсон байна. Үүнээс гадна Ван И Хятад улс Украинд хүмүүнлэгийн тусламж илгээх гэж байгааг мэдэгджээ.
Өмнө нь Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел Испанийн өдөр тутмын “El Mundo” сонинд ярилцлага өгөхдөө барууны орнуудын эдийн засгийн хориг үүргээ биелүүлж чадахгүй байгаа тул Орос, Украины энхийн хэлэлцээнд Хятад улс зуучлагч болох ёстой гэж мэдэгдээд байв. Мөн Австралийн Ерөнхий сайд “Хятад улс дэлхийн томоохон гүрний нэг бөгөөд энх тайван, тогтвортой байдалд хувь нэмрээ оруулах үүрэг хүлээсээр ирсэн. Энэ аймшигт дайныг дуусгахад Хятадаас илүү хүчтэй нөлөө үзүүлэх ямар ч улс байхгүй” гэж мэдэгдсэн. Хятадын зүгээс хямралыг шийдвэрлэхийн тулд талуудыг энхийн хэлэлцээнд нэгдэхийг уриалсан ч одоогоор уулзалт зохион байгуулах амлалт өгөөгүй байгаа юм.
Эх сурвалж: NDtv