ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон олигархи А.Ротенберг нарыг Олон Улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ын бүх албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан гэж тус холбооны удирдах зөвлөл өчигдөр /2022.03.07/ мэдэгджээ.
Учир нь Украинд үргэлжилж буй мөргөлдөөний улмаас В.Путиныг Олон Улсын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгчийн үүргээс нь түдгэлзүүлснээ IJF мэдэгдсэний дараа удирдах зөвлөл ийм шийдвэр гаргасан байна. Тус холбооны мэдэгдэлд, “ноён В.Путин ба ноён А.Ротенберг нарын Олон улсын жүдо бөхийн холбоонд ажиллаж байсан бүх албан тушаалаас нь чөлөөлсөн” гэж товч дурджээ.
Сонирхуулахад, Дэлхийн таеквондогийн холбоо 2013 онд В.Путинд олгосон “хар бүс”-ээ саяхан хураасан бол Олон улсын усан сэлэлтийн холбоо 2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгчид олгосон FINA одонг эргүүлэн татсан юм. Харин А.Ротенберг 2013 оноос хойш IJF-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, хөгжлийн менежерээр ажиллаж байжээ.
Эх сурвалж: CNN