В.Зеленский: Сонсоорой, бид дайн хийж байна! Онгоцнуудыг бидэнд илгээ

В.Зеленский: Сонсоорой, бид дайн хийж байна! Онгоцнуудыг бидэнд илгээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский улс оронд нь аюул заналхийлэл "хамгийн дээд түвшинд" байгааг анхааруулсан ч, хариу арга хэмжээний цар хүрээ хамгийн өндөр байгаа гэж мэдэгдлээ.

Тэрээр энэ мэдэгдлийнхээ үеэр, “Дайн хоёр долоо хоног үргэлжилж, олон сая энгийн иргэд эх орноосоо дүрвэж байгаа энэ үед Украины арми байлдааны явцад оросуудаас авсан зэвсэг, хангамжаар цэнэглэгдсэн” гэж хэлжээ. Тодруулбал, В.Зеленский “Манай арми байлдааны талбарт зэвсгийн нөөцөө нөхөж чадлаа. Дайсны танк, хуягт техник, сум нь бидний батлан ​​хамгаалах, бидний амь нас, эх орны төлөө одоо ажиллах болно. Эзлэгчдийн хувьд үүнээс илүү гутамшигтай зүйл юу байх вэ. Бид тэмцэнэ" гэжээ. Мөн В.Зеленский Оросын цэргүүдэд хандан "Яваарай" гэж оросоор уриалсан байна. Тэрээр, “Чи яагаад энд байгаа юм бэ. Хэрэв та зүгээр л явчихвал өөрийгөө аварч чадна. Энэ дайныг дуусгаж, энх тайванд эргэн орцгооё" гэжээ.

В.Зеленский "хүмүүнлэгийн томоохон сүйрлээс" зайлсхийхийн тулд "Бидэнд онгоц илгээ" гэсэн уриалгаа давтжээ. Учир нь Польш улс Миг-29 сөнөөгч онгоцуудаа Украинд нийлүүлнэ гэсэн ч АНУ энэ саналыг "боломжгүй" гэж үзсэн юм. 

Мөн хоёр Патриот пуужингийн батарейг Польш руу "хамгаалах зорилгоор" илгээхээр тохиролцсон гэж АНУ-ын Европын командлалын төлөөлөгч өчигдөр /2022.03.08/ мэдэгдсэн. Гэхдээ энэ нь АНУ болон НАТО-гийн холбоотнуудад учирч болзошгүй аливаа аюул заналхийллийг эсэргүүцэх зорилготой болохоос "довтолгооны ажиллагааг дэмжихгүй" гэсэн юм.

Иймд Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Орос улс энгийн иргэд, хот суурин, дэд бүтцийн эсрэг пуужин, нисдэг тэрэг ашиглаж байгааг иш татаад, "Сонсоорой, бид дайн хийж байна. Бидэнд дохио өгөх цаг байхгүй. Энэ бол ширээний теннисний тоглоом биш юм. Энэ бол хүний ​​амьдралын тухай юм. Бид дахин нэг удаа асууж байна. Шийдвэрээ хурдан гарга. Хариуцлагыг бие биедээ бүү шилжүүл. Онгоцнуудыг бидэнд илгээ" гэжээ.

Эх сурвалж: CNN