Монгол Улс “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх”-тэй гэдгийг хуульчилж өгчээ. Гэвч сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөх нь нэмэгдсэн гэдгийг албаныхан хэлдэг. Тиймээс ч Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг нэвтрүүлж, Хүүхэд хамгаалах төвийг байгуулсан байдаг. Тэгвэл тус төв нь ямар үйлчилгээг хэрхэн үзүүлдэг, хүүхдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж байгаа талаар бид сурвалжиллаа.
ВИДЕО:
“Хүүхдийн тусламжийн утсанд холбогдсон байна. Танд юугаар туслах уу. Төрсөн аав чинь юм уу. Өмнө нь ийм зүйл тохиолдож байсан уу” гэх гашуун үг Хүүхэд хамгаалах байрны үүднээс тодхон сонсогдох. 108 дугаар утсанд өдөрт 300-350 дуудлага мэдээлэл ирдэг бөгөөд эл дуудлагын дагуу хариу арга хэмжээ авч, хүчирхийлэлд өртсөн, хамгаалах шаардлагатай хүүхдүүдийг Түр хамгаалах байранд авчирч хамгаалдаг байна.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр нь 22 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар /2022.04.08/ ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн хоёр сартай нярайгаас 17 насны 34 хүүхэд хамгаалуулж байна.
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалдаг болоод тэр үү хүүхдийн орчинг тэнд боломжийн хэрээр бүрдүүлжээ. Мөн үйлчилгээний ажилчид нь ч хүүхдийг гэх сэтгэлтэй болох нь илхэн. Үүдний хэсгээс эхлээд бүх давхраа үлгэрийн баатруудаар “амилуулсан” нь хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санааг бага ч атугай тайвшруулдаг байх даа гэх бодол тээсээр дээд давхарт хүрвэл хүүхдийн цангинах инээд сонсогдох нь гашуун бодлыг бага ч атугай тайвшруулах шиг болов.
Ийн явсаар нярайн өрөөнд орвол бусдад тээр болохгүй юмсан гэсэн шиг тормойн, уруулаа цорвойлгох хоёрхон сартай өлгийтэй нярай хүүхдийн оронд дээр хэвтэж байлаа. Түүний дэргэд бүлээн сүүтэй угж, пампарс, тоглоом зэргийг тавьжээ. Харин нярайн дэргэд зургаахан сартай дүүгээ аргадан тэврэх бяцхан охин хамт байхыг хараад өөрийн эрхгүй зүрх шимширч, өрөвдөж, хайрлах басхүү тэдний эцэг эхийг буруутгах бодол ч төрж байсныг нуух юун. Хоёр сартай нярай тус хамгаалах байранд ирээд 28 хоножээ. Түүний эцэг, эхийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл олоогүй учир тус хамгаалах байранд бойжиж байгаа нь энэ аж. Харин зургаан сартай нярай эгчийнхээ хамт хүчирхийлэлд өртсөн учир тус төвд өнөөдөр иржээ.
“Дүү минь уйлахгүй мундаг байна. Эгч нь дүүгээ уйлуулахгүй ээ. Би байгаа болохоор дүү минь алзахгүй ээ” гэх жаахан охины хэрсүү үг юутай гашуун, юутай өрөвдөм сонсогдох.
Дүүгээ дааж ядан тэврэх тэр бяцхан охин өнөөдөр дүүгээ аргадаж бус ээж, аавынхаа хайранд аргадуулж өсөх учиртайсан. Гэвч хорвоо хатуу аж.
Хүүхэд хамгаалах байранд охид, хөвгүүд тус тусын өрөөнд амьдардаг байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байдаг учир бид тэдэнтэй уулзаж, ярилцахыг эрхэм болгосонгүй. Харин тус байрны зохицуулагч Э.Батбаяртай уулзаж, зарим нэгэн мэдээллийг авсан юм. Түүний хэлж буйгаар “Хавар, намрын улиралд хүүхдийн хүчирхийлэлд илүү гардаг аж. Харин хүчирхийллийн шалтгааны дийлэнх хувийг томчуудын архины хэрэглээ эзэлдэг байна. Мөн хүүхдийн мөнгө буусан үеэр хүүхдийн хүчирхийлэл ихсэж, орой, шөнийн цагаар дуудлага мэдээлэл нэмэгддэг байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хүүхэд хамгаалах байранд ирсэн нийт хүүхдийн 55 хувь нь үл хайхрах, 22 хувь нь бие мах бодийн, 8 хувь нь сэтгэл санааны, 8 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Тэгвэл тус төвд хамгийн удаан амьдарч байгаа хүүхэд нь дөрвөн сар орчим болжээ.
Тухайн хүүхэд өөрийн болон аав, ээжийнхээ нэрийг мэддэг байна. Гэвч гэрийн хаяг, регистрийн дугаар зэргээ мэддэггүй учир гэр бүлийнхэнг нь хайж байгаа ч өнөөг хүртэл олж чадаагүй байгаа аж. Ээж, аавыгаа хүлээн бэтгэрэх тэр л бяцхан хүүхэд хаалга нээгдэх бүрийд хэн нэгнийг нь ирж байна гэсэн шиг өндөлзөн босдог талаар ч тус төвийн зохицуулагч бидэнд хуучилж байсан юм.
-О.ЛХАГВАСҮРЭН: ХҮҮХДИЙН СЭТГЭЛ САНААНЫ ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ӨМНӨХ ОНООС 25 ОРЧИМ ХУВИАР ӨССӨН-
Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж буй дуудлага мэдээллийн талаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийн захирал О.Лхагвасүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “108 дугаар утсанд өдөрт 300-350 дуудлага мэдээлэл ирдэг. Тус дугаар утсанд хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг гэмт хэргийн дуудлага мэдээллийг хүлээн авч, холбогдох харъяа байгууллагад нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж байна. Мөн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг.
Дээрх мэдээллийг бид үнэ төлбөргүй, үндэсний хэмжээнд гурван сувгаар буюу дуудлага, чат, мессежээр хүлээн авч, тусламж үзүүлж байна. 108 дугаарын утсанд хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээлэл илүү их зонхилж ирдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн үндсэн дөрвөн хэлбэр байдаг. Тодруулбал, сэтгэл санааны, бие мах бодийн, үйл хайхрах, бэлгийн хүчирхийлэл байна. Эдгээр төрлийн дуудлага мэдээллээс сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага мэдээлэл өмнөх онтой харьцуулахад 25 орчим хувиар өссөн" гэлээ.