Усанд унасан байж болзошгүй зургаан настай хүү болон насанд хүрсэн хоёр хүнийг эрэн хайж байна

Усанд унасан байж болзошгүй зургаан настай хүү болон насанд хүрсэн хоёр хүнийг эрэн хайж байна

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар 3 зорчигчтой “Портер” загварын автомашин “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас өчигдөр/2022.04.12/ 12:53 цагт Онцгой байдлын газарт  ирүүлжээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид иргэн С /47 настай, эрэгтэй/,  О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Сэлэнгэ” гол, “Харлагын голын адаг” гэдэг газраас зүүн зүгт “Номт” гэдэг газар хүртэл 8 км-т усаар завьтай, голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:49 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. Хангал сум дахь Сум дундын Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүс тус тус ажилласан талаар ОБЕГ мэдээлэв.