Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн Ид шидийн орон төслийн таван жилийн туршлагад үндэслэн Ид шидийн орон жишиг төвийг орон нутагт бүтээхээр тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтын эцсийн дүн гарч жишиг төв байгуулах аймгаар Дундговь тодорлоо.
Тендерт нийт есөн аймгаас нэгдүгээр шатанд материал илгээж, Хоёрдугаар шатанд тус есөн аймгаас нэмэлт мэдээллийг авч сүүлийн шатанд Дорноговь, Дундговь аймгууд шалгарсан.
Дөрөвдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд "Лантуун дохио" ТББ-ас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр аймгийг зорьж дэд бүтэц, газар, байршил, аймгийн нөөц боломж, иргэд болон иргэний нийгмийн байгууллагын оролцоо, төсөл хэрэгжүүлэх баг хамт олон, орон нутгийн дэмжлэг гээд бүхий л боломжуудыг судлаж шалгаруулсан байна.
Ингээд олон үе шаттай шалгаруулалтын нэгдсэн дүнгээр Дундговь аймагт Ид шидийн орон жишиг төв баригдахаар болов.