АНУ-ын виз олгох ярилцлагын цаг 2023 оны есдүгээр сар хүртэл дүүрчээ

АНУ-ын виз олгох ярилцлагын цаг 2023 оны есдүгээр сар хүртэл дүүрчээ

Цар тахлын улмаас гадаадын элчин сайдын яамдууд виз олголтоо зогсоосон. Үүнийг дагаад визний ярилцлагад орох хүмүүсийн тоо ч эрс нэмэгдэж, урт дараалал үүсжээ. Тодруулбал, АНУ-ын аялал бизнесийн В1, В2 ангиллын визний ярилцлагын цаг 2023 есдүгээр сар хүртэл дүүрсэн байна.

Учир нь цар тахлын улмаас АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2019 оны дөрөвдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл хаалттай байсан. Харин энэ хугацаанд виз мэдүүлгийн үйлчилгээ зогсоогүй.

Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческ “Eagle” телевизэд өгсөн ярилцлагадаа “Цар тахлын хоёр жилд АНУ төдийгүй бусад орны Консулын хэлтсүүд ч өмнө нь үзүүлдэг байсан үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд хүрсэн. Харин энэ хугацаанд шинээр ирэх виз мэдүүлэг ч зогсоогүй. Бид виз мэдүүлж буй иргэн болон өөрсдийн ажилчдаа аль алиныг нь аюулгүй байлгахаар зорьж байгаа учраас хүссэн хэмжээндээ виз олгож чадахгүй байна. Гэхдээ виз мэдүүлэгчид болон ярилцлагад орж буй хүмүүсийн тоог хэвийн хэмжээнд оруулахын тулд хичээн ажиллаж байна” гэжээ.

АНУ-ын визний ярилцлагад өдөрт 10-20 хүн ордог байна. Хэрэв АНУ-ын их дээд сургуулиудад суралцахаар эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар тус улсад зорчиж байгаа бол ямар нэгэн хүлээлэгггүйгээр ярилцлагын цагийг олгож байгаа аж.