Иргэдээс 300 тэрбум төгрөгийг залилж авсан "Бэлтэс Мөрөн" ХХК-г АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүллээ

Иргэдээс 300 тэрбум төгрөгийг залилж авсан "Бэлтэс Мөрөн" ХХК-г АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүллээ

Хөвсгөл аймгийн иргэд “Бэлтэс Мөрөн” ХХК-г АТГ-т шалгуулах хүсэлтийг хүргүүллээ. Тус компани нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний мөнгийг өсгөж өгнө хэмээн авчхаад буцааж өгөөгүй байна. Ингэхдээ 10 сая төгрөг байршуулсан иргэнд 3.000.000 төгрөгийн хүү нэмж олгоно хэмээдэг аж. Үүнийг цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэрэгт тооцож, хэрэг үүсгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус компани иргэдэд 200-300 тэрбумын хохирол учруулсан байж болзошгүй байна. 

Хөвсгөл аймгийн хуульч, өмгөөлөгч н.Алтангэрэл АТГ-т хүсэлт хүргүүлэх үеэрээ ""Бэлтэс Мөрөн" ХХК нь “Иргэд өөрийн мөнгөө зээлээр өгөөд сарын дараа 30-50 хувийн нэмэгдэлтэй эргүүлэн авах” гэсэн үйл ажиллагааг явуулдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 3.2-т зааснаар олон шатлалт тогтолцоогоор иргэдийг залилж буй гэмт хэрэг. Уг хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн.

Аймгийн иргэд машинаа зарж, малчны зээл авч энэхүү сүлжээнд орох тохиолдол их байгаа. Түргэн шуурхай шалгаж шийдвэрлэхгүй бол маш олон хохирогч гарч мэдэх Монголд байгаагүй луйврын хэрэг болж байна" гэв.