Энэ сарын 9-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн нутаг Харлагийн голын-Адаг гэх газраас “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван хүн сураггүй болжээ.
Булган аймгийн Цагдаагийн газраас тэднийг Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй гэж үзсэн тул энэ сарын 12-нд эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах тухай хүсэлтийг аймгийнхаа онцгой байдлын албанд өгчээ. Өчигдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сураггүй болсон гурван иргэн буюу 47 настай, эрэгтэй С, 47 настай, эмэгтэй О, зургаан настай Б нарыг гурван бүлэгт хуваагдан эрэн хайж байна. I дүгээр бүлэг нь Харлагын голын адаг гэдэг газраас зүүн зүгт Майхан толгой гэдэг газар хүртэл гурван километрт завиар хайж, зургаан метрийн гүнд таван удаа шумбалт хийжээ. II дугаар бүлэг нь Харлагийн голын адаг гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 24 километрт голын эргээр явганаар, III дугаар бүлэг нь Хялгант тосгоны бетон гүүрээс баруун зүгт таван километрт Офицерын тохой гэдэг газар хүртэл, мөн Хандгайт гэдэг газраас баруун урд зүгт 10 километрт Цагаан-Арал гэдэг газар хүртэл, Дүгэрээ-Овоо гэдэг газраас баруун зүгт Дүгэрээ хар хошуу гэдэг газар хүртэл долоон километрт мотоциклоор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй тул өчигдөр оройн 20:00 цагт түр зогсоож, өнөөдөр 07:30 цагт дахин эхлүүлжээ.