Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ.
-Ё.БААТАРБИЛЭГ: НАМАЙГ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ШАЛГАЖ БАЙГАА-
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг Ё.Баатарбилэгийг нарыг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал гаргасан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Намайг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж байгаа юм байна гэж ойлгосон. Өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж тайлбар, мэдүүлэг өгсөн" хэмээжээ.
Түүнийг Хөгжлийн Банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй "НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгээс жолоочоороо дамжуулан их хэмжээний хахууль авсан нөхцөл байдал тогтоогдсон учир яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээлж буй.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг энэ талаар "НВЦ-ын Ц.Баатарбилэг бид хоёр олон жилийн найзууд. Найз маань 2017 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Тэр үед зээл авахад нь нөлөөлсөн зүйл надад байхгүй" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.
-"НВЦ" ХХК 2017 ОНД ХӨГЖЛИЙН БАНКНААС 21 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧЭЭ-
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй нэр холбогдоод буй түүний найз гэх "НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийн Хөгжлийн банкнаас хэзээ хэрхэн зээл авсан талаарх мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, "НВЦ" ХХК нь 2017 оны наймдугаар сард "Хөдөө аж, ахуй, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл, 4 дэд төсөл" хэрэгжүүлэхээр 21 сая ам.долларын зээл авсан байна.
Харин өдгөө зээлийн үлдэгдэл нь 25.8 сая ам.доллар буюу 73.6 тэрбум төгрөг болсон учир Хөгжлийн банк энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.
"НВЦ" ХХК-ийн зээл Батлан хамгаалах Яамны захиалгаар ТОСК дээр бичигдсэн гэх. Тус компанийн зээлийн өр төлбөрийн асуудал 2019 онд ч мөн хөндөгдөж байсан бөгөөд гүйцэтгэх захирлыг нь зээл авахдаа бусдад хээл хахуул өгсөн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж байсан юм.
"НВЦ" ХХК-ийг "НВЦ Холдинг" ХХК 100 хувь эзэмшдэг. Харин "НВЦ Холдинг" ХХК-ийг Бэгзжавын Цэрэндаваа болон Цэрэндаваагийн Энхцэцэг нар эзэмшдэг байна. Харин "НВЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэрэндаваагийн Баатарбилэг ажилладаг бол "НВЦ Холдинг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Цэрэндаваагийн Энхцэцэг ажиллаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "НВЦ" ХХК нь Хөгжлийн банкнаас авсан санхүүжилтээрээ Германы KFW банкны 5.7 сая еврогийн зээл, Bio Belguim development банкны 5,4 сая долларын зээлээ хаасан байна.