ВИДЕО: Унахаа больсон, бусдад зарсан автомашинууд анхны эзнээ татвар, торгуулийн өрөнд оруулж байна

ВИДЕО: Унахаа больсон, бусдад зарсан автомашинууд анхны эзнээ татвар, торгуулийн өрөнд оруулж байна

Нийслэлийн гудамж талбайд эзэнгүй, хаягдсан авто машинууд сүүлийн үед нэмэгдэх болсон. Тэгвэл Тээврийн Цагдаагийн албанаас энэ дөрөвдүгээр сарын эхээр эзэнгүй автомашинуудын эзэн холбогдогчийг олж тогтоон, хүлээлгэж өгөх мөн цаашлаад олон нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх зэрэг үйл ажиллагааг явуулсан юм.

ВИДЕО:

Тодруулбал, ТЦА-наас нийслэлийн нутаг дэвсгэрт хуучин эзэнгүй, орхигдсон автомашины тухай дуудлагыг иргэдээс нээлттэй хүлээн авч, нийтийн эзэмшлийн зай талбайг чөлөөлж, ойролцоох журмын хашаанд тавьдаг байна. Одоогоор 400 гаруй орхигдсон байсан автомашины эзэн холбогдчийг олж тогтоон хүлээлгэж өгсөн бөгөөд зарим автомашины эзэмшигчтэй холбогдоход тус автомашиныг мартсан, нэрээ шилжүүлэлгүй бусдад худалдаад удсан явдал гарсан байгаа юм.

Харин энэ үеэр анхаарал татсан нэг зүйл нь магадгүй таны 5-10 жилийн өмнө бусдад нэрээ шилжүүлэлгүй худалдсан болон өгсөн автомашин дээр жил бүр татвар, торгууль ногдсоор байгаа зүйл байв.

Энэ талаар бид Авто тээврийн Үндэсний төвийн хяналт, бүртгэлийн мэргэжилтэн Г.Мэндбаяраас тодруулахад, “Иргэдийн гаргаж буй дийлэнх алдаа гэвэл тухайн тээврийн хэрэгслээ худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлж авсан иргэн маань заавал авто тээврийн үндэсний төвийн бүртгэлийн салбар дээр ирж өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авч, мэдээллийн санд бүртгүүлэх ёстой ч бүртгүүлдэггүйгээс асуудал үүсдэг. Тийм болохоор иргэд маань заавал тээврийн хэрэгслээ өөрийн нэр дээр бүртгүүлэх ёстой бөгөөд иргэн өөрийн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж бол албан хүсэлт улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбартай ирж, хүсэлт гаргасны үндсэн дээр улсын бүртгэлээс хасуулах боломжтой” гэв.

Тухайлбал, төмрийн сэг шиг харагдаж байж болохуйц автомашины зарим хэсгүүд ч үнэндээ хасалт бүртгэл хийгдээгүй тохиолдолд анхны эзэмшигч дээрээ өр үүсгэж байж болзошгүй гэсэн үг. Дээр дурдсанчлан таны эвдэрч, явахаа больсон автомашин болоод бусдад худалдаад мартсан авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар гэж таниас 30-99 мянга хүртэл төгрөгийг авдаг бол агаарын бохирдлын төлбөр 30-40 мянга, авто зам ашигласны төлбөр гэж 40 мянга хүртэлх төгрөг тань дээр бодогдоно гэсэн үг. Нийт жил бүр та нийслэлд ямар ч хөдөлгөөн хийгээгүй ч 180 гаруй мянган төгрөгийн татвар төлөх шаардлага үүсэж байна. Иймд иргэн та өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн нэг шалгахаас гадна  өөрийн эзэмшилд байгаа ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй байдаг тул Авто тээврийн үндэсний төвд хандахыг зөвлөж байна.