ЭЭХХЗГ-ын дарга асан Б.Цэцэгсайхан эмийн компаниудаас хандив авч, импортын лиценз олгож, шууд худалдан авах гэрээ хийсэн байжээ

ЭЭХХЗГ-ын дарга асан Б.Цэцэгсайхан эмийн компаниудаас хандив авч, импортын лиценз олгож, шууд худалдан авах гэрээ хийсэн байжээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар /ЭЭХХЗГ/-ын дарга Б.Цэцэгсайханыг энэ оны нэгдүгээр сард албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Түүнийг цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад  хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр  огцруулсан байдаг.

-ЭЭХХЗГ-Т ХУУЛЬ БУСААР ТОМИЛСОН ХҮМҮҮСИЙГ АЛБАН ТУШААЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл Б.Цэцэгсайхан нь тус албан тушаалдаа эргэн томилогдохоор хуулийн байгууллагад хандаад байгаа гэх мэдээлэл байна. Харин түүнийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа зарим асуудалд нэр холбогдож байсан учраас эргэн томилох нь хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, Б.Цэцэгсайхан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа хэд хэдэн хууль бус томилгоо хийж байжээ.

Тодотговол: 

  • Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд "Монгол Фарм" ХХК-ийг үүсгэн байгуулагч Л.Намхайноровыг,
  • "Дэлгэр хэлт кэйр" ХХК-ийг үүсгэн байгуулагч, захирал П.Буяндэлгэрийг Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын даргын албан тушаалд томилж байсан аж.

Харин эдгээр томилгоо нь хууль зөрчсөн учир холбогдох байгууллагаас нь тэднийг ажлаас нь чөлөөлжээ.

-“ИЛДЭНГҮН ХОШУУ”, “МОНГОЛ ФАРМ” КОМПАНИУД ЯАРАЛТАЙ НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ЖУРМААР ОНОШЛУУР ОРУУЛЖ ИРЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВЧЭЭ-

Б.Цэцэгсайхан дээрх албан тушаалыг хашиж байхдаа ковидын түргэвчилсэн тестны асуудалд нэр холбогдож байсан. Тодруулбал, Хүний эмийн зөвлөлийн Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар нэр бүхий 7 оношлуурыг олон нийтэд хэрэглэхийг зөвлөмж болгон шийдвэрлэсэн аж. Гэтэл Хүний эмийн зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар хурлаар дахин нэг оношлуурыг /SureStattus Covid-19 Card test/ нэмж баталсан байна.

Харин Монгол Улсын оношлуурын бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй тухайн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх гэдгээр “Ази фарм” ХХК, “Илдэнгүн хошуу” ХХК, “Монгол фарм” ХХК зэрэг таван аж ахуйн нэгжид импортын лицензийг олгожээ.

Хачирхалтай нь эдгээрээс “Илдэнгүн хошуу”, “Монгол фарм” компаниуд нь Б.Цэцэгсайханы толгойлж байсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт ковидын үед нэлээд их хэмжээний үнэ бүхий зүйл хандивлаж байсан байна. Товчхондоо дээрх компаниуд Монгол Улсад бүртгэлгүй оношлуур оруулж ирэх зөвшөөрөл авахын тулд дээрх байгууллагад хандив өгч байсан бололтой.

-ХАНДИВЛАГЧ БАЙГУУЛЛАГЫН 126,4 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВЫН ЭД ХӨРӨНГИЙГ САНХҮҮГИЙН ПРОГРАМДАА БҮРТГЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нь /Korea Senior care study/ судалгааны төв, “Лайфтроник”, “Илдэнгүн хошуу”, “Монгол фарм”, “Пролиас”, “Мөнхийн тун” гэсэн зургаан хуулийн этгээдээс 162,8 сая төгрөгийн үнэ бүхий зүйл хандиваар хүлээн авсан ч 126,4 сая төгрөгийн хандивын эд хөрөнгийг санхүүгийн програмдаа бүртгээгүй байжээ.

Үүгээр зогсохгүй дээрх байгууллагуудад импортын лиценз болон зөвшөөрөл олгож, шууд худалдан авах гэрээ байгуулж байсан аж.

Угтаа хандив хүлээж авсан байгууллага, хуулийн этгээдтэй холбоотой аливаа шийдвэрийг хоёр жилийн хугацаанд гаргахыг хуулиар хориглодог байна.