Зөрчлийн хууль батлагдвал “торгуулиа төлөөгүй жолооч үнэмлэхээ сунгуулж, автомашинаа үзлэг оруулах” эрхгүй болно

Зөрчлийн хууль батлагдвал “торгуулиа төлөөгүй жолооч үнэмлэхээ сунгуулж, автомашинаа үзлэг оруулах” эрхгүй болно

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өргөн барьсан “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар өчигдөр /2022.05.05/ хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байна.

Харин өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-д болсон тус хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгийн үеэр Х.Нямбаатар, “Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд 8 сая гаруй зөрчлийн хэрэг шийдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 2,3 сая гаруй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулиар хариуцлага хүлээсэн байгаа юм.  Дээрх 8 сая гаруй зөрчлийн 98 хувийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих” зөрчил эзэлж байна” гэж мэдэгдсэн.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧДӨГ-

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн шинэчлэн найруулга УИХ-аар хэлэлцэгдэж байгаа батлагдсан тохиолдолд, авто замын хөдөлгөөнд оролцож яваад зөрчил гаргаж, цагдаад торгуулсан иргэн торгуулиа төлөөгүй бол, автомашинаа үзлэг, оношлогоонд оруулах, тээврийн эрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх зэрэг эрхээ хасуулах ажээ.

Тодруулбал, “Зөрчлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “15.5.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, сэргээх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг нэмэхээр болжээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Гэтэл Үндсэн хуулийн 16.1-д заасан “Амьд явах эрх”-ээ эдэлж, дугаарын хязгаарлалттай үед автомашинаа унаж яваад цагдаад торгуулсан иргэн “төрийн үйлчилгээ авах эрх”-ээ хасуулна гэсэн үг юм.

Нөгөө талаар Зөрчлийн тухай хуулиар торгуулсан иргэн “торгуулиа хугацаанд нь төлбөл торгуулийн 50 хувийг хөнгөлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох зэрэг” торгуулийн тогтолцоог “илүү арилжааны хэрэгсэл” болгож байна гэж шүүмжлэх хэсэг ч байна. Тодруулбал, одоо мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7.57-д Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг сануулах, эсхүл арван нэгжээс хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг. Энэ коронавирус цар тахлын энэ үеэр иргэдийн “Амьд явах” эрхэнд халдаж байна гэж үздэг.