ТОДРУУЛГА: Дарханд үйл ажиллагаа явуулдаг 17 баяжуулах үйлдвэр дампуурах эрсдэл рүү орлоо

ТОДРУУЛГА: Дарханд үйл ажиллагаа явуулдаг 17 баяжуулах үйлдвэр дампуурах эрсдэл рүү орлоо

Засгийн газрын өнгөрсөн сарын 13-ны /2022.05.09/ ээлжит хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан. Уг шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью эс си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон юм.

Энэ дагуу Сангийн сайд Б.Жавхлан тус үйлдвэрт ажиллаж, үйлдвэрийн ажилчидтай уулзсан байдаг. Тэрбээр энэ үеэрээ "Ажилчдыг халахгүй. Цалин хангамжийг хасахгүй. Нийгмийн асуудлыг сайжруулах талаар анхаарна" гэж хэлсэн юм. 

Гэтэл өчигдөр /2022.05.09/ Дархан төмөрлөгийн үйлдвэртэй олон жилийн хугацаанд хамтран ажиллаж ирсэн баяжуулах үйлдвэрүүдийн нэг "Ган Хүдэр" орд компанийн ажилчид эсэргүүцлийн жагсаал хийсэн. Тэд жагсаж буй шалтгаанаа тайлбарлахдаа "Өмнө нь тус үйлдвэрийг хувийн хэвшил ажиллуулж байхад шар хүдрийг 14 доллароор авдаг байсан. Гэтэл одоо улсын мэдэлд ирснээс хойш 42 доллароор авч байна. Ажил хийх бололцоогүй, үйлдвэр зогсох эрсдэлтэй болсон. Цалингаа тавьж, нийгмийн даатгалаа төлж чадахгүй боллоо. Тиймээс бид өнөөдөр жагсаж байна. Манайх 200-300 ажилтантай. Манай шиг үйлдвэр Дархан-Уул аймагт 10 бий. Энэ хүмүүсийн төлөөлөл болоод явж байна" гэсэн юм. 

Жагсаал үргэлжлэх эсэхээр бид тус компанийн ажилтан н.Ням-Очироос тодруулахад "Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн захирал А.Ариунболдтой маргааш /2022.05.10/ уулзахаар болсон. Тээврийн зардал нь ашиглалтын зардлаасаа өндөр гардаг  огт ашиглахгүй, овоолоод хаясан шар хүдрийг бид авч баяжуулдаг. Дарханд 17 баяжуулах үйлдвэр бий. Тэнд ажилладаг 20-30 мянган хүний хувь заяа, ажилтай байх эсэх одоо яригдаж байна. 

Шар хүдрийн үнийг 2.5 дахин нэмсэн шалтгаанаа тавцангийн үнэ буюУ Тянжинь боомын үнээр тогтоосон гэх утгагүй юм яриад байгаа. Тэр бол манайхаас тэс өөр нөхцөл. Хэрвээ энэ үнээр нь бид шар хүдрийг авбал шууд дампуурна. Ямар ч боломжгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлж үүнийхээ хүрээнд Дарханыг үйлдвэржилтийн бүс болгоно гэсэн. Гэтэл үүний эсрэг ажиллаж байна. 

Бидний шаардлагыг хүлээн авч үнийг буулгахгүй бол бид Улаанбаатарт очиж жагсана. Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ. 

ҮЗЭХ: