ФОТО: Завхан аймгийн "Хомын тал"-д нутагшуулсан тахийн тоо толгой дөрөв дахин нэмэгджээ

ФОТО: Завхан аймгийн "Хомын тал"-д нутагшуулсан тахийн тоо толгой дөрөв дахин нэмэгджээ

Завхан аймагт тахь сэргээн нутагшуулснаас хойш олон үр дүнд хүрсэн тухай Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.

Тухайлбал, 2004 онд Хомын талд анхны тахь ирснээс хойш тахийн тоо толгой дөрөв дахин нэмэгдэж, 26-аас 100 гаруй бодгаль болж өссөн байна.

2022 оны тавдугаар сарын байдлаар Хомын талын тахийн сүрэг 115 толгой болжээ. Мөн Хомын талыг хамгаалалтад авсан он жилүүдэд Монгол бөхөн, Цагаан зээр, Хар сүүлт зээр, Янгир зэрэг нэн ховор, ховор зүйл зэрлэг туруутны тоо толгой мэдэгдэхүйц олширсон байна. 

Завхан гол дагуух зэрлэг чацарганын ойн эзлэх талбай 100 га-аас 2022 оны байдлаар 1100 га хүртэл тэлсэн нь татмын ойн экосистем мэдэгдэхүйц сайжирсныг илтгэж байгаа юм.

Тахь сэргээн нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэд идэвхтэн байгаль хамгаалагчдын сүлжээнд нэгдэж, эргүүл хяналт хийх. Ойн нөөц баялгийг хамгаалах, мэдээлэл солилцох зэргээр байгаль хамгаалах ажил үйлсэд сайн дураар оролцон тахийг үнэт зүйл хэмээн үзэх өөриймсөг хандлага бий болжээ.

Мөн түүнчлэн тахийн ирээдүйн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сард Хомын тал орчмын 411,403.80га талбайг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд Хомын тал орчмын байгалийн цогцолборт газрын амьтдын тоо толгой өсөж, тахийн эзэмшил нутаг бүрэн хамгаалалтад ороод байгаа аж.

ФОТО: