ВИДЕО: Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп Чингис хаан зочид буудлын дэргэд 25 давхар 8 блок орон сууцны хороолол барьж байна

ВИДЕО: Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп Чингис хаан зочид буудлын дэргэд 25 давхар 8 блок орон сууцны хороолол барьж байна

Isee.mn сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэгт “Эм Энд Жи констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк барина” гэж газар аваад одоо 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн төдийгүй 1м2-ийг нь аль хэдийн 2.9-3.7 сая төгрөгөөр “нууцхан” зараад эхэлсэн талаар мэдээлж байв/ЭНД дарж уншина уу/.

Үүний дараа иргэд тус компанийн газар эзэмших эрхийг цуцлахыг шаардаж, улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт албан бичиг хүргүүлсэн. Гэвч иргэдийн санал, шаардлагыг үл тоон, хотын дарга чимээгүй суусаар өнөөдөр орон сууцны барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна. Хамгийн гол нь олон арван орон сууц бүхий хороолол баригдчихвал мянга, мянган оршин суугчийн хөдөлгөөн тэр хэсэгхэн газарт бий болж, Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам яагаад ч ачааллаа дийлэхээргүй, “тэг зогсож ч болох” дүр зураг харагдаж байгаа юм. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаараа бид өөр нэгэн жишээг хөндөж байна.  

ВИДЕО: 

-ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТЫН ЗАХИАЛГА ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ ГЭВ-

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрлах “Чингис хаан” зочид буудлын хажуу болон ар хэсгийг өнгөрсөн сараас хашаалж эхэлснийг зарим хүн мэдэх биз ээ. Тэгвэл тус газарт 25 давхар найман блок бүхий орон сууцны хорооллын барилгын ажил аль хэдийн эхэлжээ. Барилгын эзэн нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Тодруулбал, түүний “Хурд” группийн барилга сүндэрлэж байна. Биднийг очиход барилгын ажил ид өрнөж, эхний блокийн цутгалт хийгдэж байлаа. Эх сурвалжийн хэлж буйгаар тус барилга нь ирэх хавар гэхэд ашиглалтад орох аж.

Бид “Хурд” группийн борлуулалтын албатай холбогдон зарим зүйлийг тодруулахад “25 давхар орон сууцны борлуулалт нь хараахан эхлээгүй байгаа. Ирэх долоо хоногийн дундуур гэхэд захиалгаа аваад эхэлчих байх" гэсэн юм.

Товчхондоо, Чингис зочид буудлыг бүхэлд нь хүрээлсэн орон сууцны  хороолол тэнд босох нь. Аливаа барилгын зураг төслийн танилцуулга, мэдээлэл бүхий самбар, үзүүлэнг барилгын ажил явагдаж буй талбайд байршуулдаг. Сонирхолтой нь, биднийг тэнд очиход орон сууцны хороолол баригдаж байгааг нуух гэсэн юм шиг хэдэн давхар, ямар зориулалттай барилга баригдаж буй талаарх мэдээлэл, зураг төслийн танилцуулга байгаагүй юм. 

Нийт найман блок, тус бүр нь 25 давхар байх орон сууцны хорооллын барилгын ажил аль хэдийн эхэлжээ

-ХЭРЭВ 25 ДАВХАР, НАЙМАН БЛОК ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИГДЧИХВАЛ САНСРЫН ТУНЕЛ, И-МАРТ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УУЛЗВАР, УУЛЗВАРААС УРАГШ БӨХИЙН ӨРГӨӨ РҮҮ ЧИГЛЭСЭН АВТО ЗАМ АЧААЛЛАА ДИЙЛЭХ ҮҮ-

Олон жилийн турш нийслэлчүүдэд тулгарсан “топ” асуудлуудын нэг бол яалт ч үгүй замын түгжрэл. Энэ ч утгаараа үе үеийн хотын дарга нар замын түгжрэлийг шийдэх метро, агаарын дүүжин тээвэр гэх мэт бахархмаар сайхан төсөл санаачилж, танилцуулдаг ч өнөөдөр бодит ажил болсон нь үгүй билээ. Нөгөө талаас замын түгжрэлийн нэг шалтгаан бол хотын буруу төлөвлөлт бөгөөд “хотыг бөөгнөрүүлж биш, тэлж хөгжүүлэх бодлого барих”-ыг мэргэжилтнүүд эрх баригчдад зөвлөдөг. Энэ ч утгаар өнгөрсөн гуравдугаар сард хотын дарга Д.Сумъяабазар  “Нийслэлийн төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй” гэдэг хатуу байр суурийг илэрхийлсэн юм. Гэвч өнөөдөр хотын төвд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” группийн 25 давхар найман блок орон сууц баригдаж байна. Баянзүрх дүүргийн 1-р хороонд олон тооны томоохон үйлчилгээний төвүүд, орон сууц байрладаг учир одоо ч тэр хэсгийн авто зам байнгын түгжрэлтэй, ачаалалтай байдаг. Үүн дээр нь 25 давхар, наймын найман блок бетон ширэнгэ нэмэгдээд баригдчихвал тэр хэмжээгээр хэдэн мянган оршин суугчийн бөөгнөрөл үүснэ. Ингэснээр Сансрыг тунел, Чингис зочид буудал, E-mart, худалдааны төвийн уулзвар, уулзвараас урагш Бөхийн өргөө рүү чиглэсэн авто зам ачааллаа дийлэх үү гэдэг нь эргэлзээтэй.  

Орон сууцны хороолол баригдаж буй тус газарт "Sky" их дэлгүүр байсан билээ

Энэ бол Монголын хууль эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй хүмүүст үйлчилдэггүйн нэг жишээ. Үүний цаана орон сууцны барилга барих зөвшөөрлийг хэн өгөв, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өөрийн эрх мэдэл, давуу талаа ашиглан орон сууцны хороолол барих зөвшөөрөл авчхав уу, барилгын зөвшөөрлийн ард авилга албан тушаалын гэмт хэрэг байна уу гэх хардлага төрж байна.

Компани байраа барьж дуусаад, иргэдэд зарж борлуулан ашгаа хэд дахин нугалж олоод цэвэрхэн гэгчин яваад л өгнө. Гэвч энэ бүхний дараа хотын иргэд хохироод үлддэг жишиг хэзээ дуусах вэ.