ВИДЕО: “Усан парк барина” гэж хашаалаад барьж буй 25 давхар орон сууцыг 2,9-3,7 сая төгрөгөөр "нууцхан" зараад эхэлжээ

ВИДЕО: “Усан парк барина” гэж хашаалаад барьж буй 25 давхар орон сууцыг 2,9-3,7 сая төгрөгөөр "нууцхан" зараад эхэлжээ

Бид өнгөрсөн долоо хоногт Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газрыг “Эм энд Жи” констракшн “Азидаа хамгийн том тооцогдох усан парк, спорт цогцолбор” барина гэж гэж зургаан жил хашаалсан ч одоо 25 давхар орон сууц барьж, аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн талаар мэдээлсэн.

Мэдээлэл цацагдсаны дараа иргэд хотын дарга Д.Сумъяабазарыг уг асуудлыг шалгаж, яаралтай арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн ч одоог хүртэл ямар нэгэн дорвитой үйлдэл хийгээгүй байна. Тэгвэл бид энэ удаа тус газрын зөвшөөрлийг анх хэн олгосон, одоо баригдаж буй 25 давхар орон сууц ямар үнээр “нууцхан” зарагдаж байгаа зэрэг асуудлыг хөндлөө.  

ВИДЕО: 

-Г.МӨНХБАЯР ХОТЫН ДАРГЫН ҮЕД УГ ГАЗРЫГ “ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТААР ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ БАЙЖЭЭ-

Анх 2008 оны 9 сарын 17-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 442 тоот захирамжаар Дунд голын урсац бүхий тус газрыг орон сууцны зориулалттайгаар дуудлага худалдаанд оруулжээ. Ингээд тус газрыг 380 орчим сая төгрөг төлсөн “Эм энд Жи” констракшнд олгосон байна2008-2012 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байв. Түүнийг засаг даргаар ажилласан онуудад “газрын маргаан” нэртэй хэрүүл, зодоон оргилдоо хүрч нийслэлийн дэл сул газар дуусан, нийтийн эзэмшил, хүүхдүүдийн тоглоомын талбайнууд хүртэл эзэдтэй болж байсан гэдэг. 

Ингээд “Эм энд Жи констракшн” усан парк биш орон сууцны зориулалттайгаар 380 сая төгрөг төлөн уг газрыг өөрийн болгожээ. Гэвч нэг жилийн дараа буюу 2009 онд Капитал банктай холбоотой газрын маргаан үүсэж, Нийслэлийн засаг дарга 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 256-р захирамжаар тус газрыг Капитал банканд олгосон байна. Тодруулбал, Капитал банканд орон сууцны зориулалтаар эрх шилжүүлсэн аж. Үүний дараа буюу 2011 оны 4-р сард “Эм энд Жи констракшн” дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж, жилийн дараа буюу 2012 онд Захиргааны хэргийн шүүх дээрх газрыг "Эм энд Жи констракшн" ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

-“ЭМ ЭНД ЖИ КОНСТРАКШН”-НЫ ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ, ТУС ГАЗРЫГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХ ЗАХИРАМЖИЙГ 2020 ОНД ГАРГАЖ БАЙЖЭЭ-

Гэтэл одоогоос хоёрхон жилийн өмнө буюу 2020 оны есдүгээр сард Нийслэлийн Засаг даргын уургийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслэн компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гаргаж. Захирамжид

  • “Эм Энд Жи ХХК нь усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар байгуулах зориулалтаар авсангазраа зориулалтын дагуу ашиглаагүй,
  • Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, тухайн газраас хэсэгчлэн худалдахаар нийтэд зарласан нь тогтоогдсон,
  • Нөгөө талаас Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна” гэжээ.

Байгаль орчин ногоон хөгжил, Барилга хот байгуулалтын сайдын уг тогтоолд “усны эх үүсвэр онцгой хамгаалалтын дэглэмд заасан шаардлагыг хангаж цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламжийн зориулалтаар зохицуулахыг даалгасугай” гэсэн байгаа юм.

Гэвч “Эм энд Жи” констракшн захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Ингээд 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс уг маргааныг хэлэлцэж, нэхэмжлэгчийн талд буюу “Эм энд Жи” констракшны талд шийдвэрлэжээ. Товчхондоо, шүүгч О.Оюунгэрэл газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламж болгох Ж.Батбаясгалангийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй” гэсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж хотын дарга Д.Сумъяабазарын үед Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй байна. Энэ нь анхнаасаа шүүх болон НЗДТГ-тай тохиролцсон байсан юм биш биз гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Тиймээс бид чухам ямар шалтгааны улмаас давж заалдаагүй талаар бид түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Сугараас тодруулахад “Тухайн үед яагаад давж заалдаагүй эсэхийг мэдэхгүй юм. Давж заалдах эсэхийг хуулийн хэлтэс хариуцах ёстой” гэв.

-УСАН ПАРК БАРИНА” ГЭЖ ХАШААЛСАН ГАЗАРТ БОСОЖ БУЙ 25 ДАВХАР ОРОН СУУЦЫГ 2,9-3,7 САЯ ТӨГРӨГӨӨР АЛЬ ХЭДИЙН ЗАХИАЛГАА АВААД ЭХЭЛЖЭЭ-

Усан паркийн сүржин сурталчилгаа анх телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байх үе. “Эм энд Жи” констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төв Азидаа тэргүүлэх хэмжээний энтертайнмент уг төвд “зочид буудал, оффис, брендийн дэлгүүр, хоолны газар гээд ер нь жуулчид Монголд ирэхэд авч болох бүх үйлчилгээг цогцоор нь байлгах аялал жуулчлалын хамгийн том төв байх болно” гэж ярьж байжээ. Түүний ярьсан зүйлс дотор “орон сууцны хороолол” гэх нэг ч үг байсангүй. Харин амласан шигээ “Азид хамгийн томд тооцогдох усан парк” биш орон сууцны хороолол барьж буй зураг төсөл нь гарчихсан. Нөгөө талаар аль хэдийн 30 хувиа төлөөд орон сууц захиалга өгчихсөн иргэдийг ч бид олсон юм. Тодруулбал, тус 25 давхар орон сууцны 2-25 давхрын 1м2 үнийг 2,9 саяас 3,7 сая төгрөгийн хооронд цөөн тооны хүмүүст худалдаж, урьдчилгаа аваад эхэлжээ. Харин “Эм энд Жи” компанийн төлөөлөл үүнийгээ “зах зээлийн үнэ биш. Барилга ашиглалтад орсны дараа зах зээлийн үнэ үүнээс өндөр тогтож магадгүй” гэж тайлбарлаж байгаа юм.

Усан барина гээд 25 давхар орон сууц барьж байгаа барилгыг дараах үнээр бусдад худалдаж эхэлжээ

Нийслэлийн удирдлагууд саяхан Улаанбаатар хотын замын ачааллал, хүн амын төвлөрлийг бууруулахын тулд хотын төвд 6-аас дээш давхар байшин бариулахгүй гэж байв. Гэтэл хотын замын хөдөлгөөний төв цэг, хамгийн ачаалалтай хэсгийн нэг Энхтайваны гүүрний хажууд 25 давхар орон сууцны хороолол баригдаж байгааг чимээгүй харсаар. Хэрэв энд орон сууцны хороолол баригдчихвал түгжрэл буурах битгий хэл олон мянган хүний бөөгнөрөл бий болж Олимп, Энхтайваны гүүр, Нарны зам ачааллаа даах уу гэдэг асуудал ч хөндөгдөж байна. Нөгөө талаар компани байраа барьчхаад өндөр үнээр иргэдэд зараад яваад өгнө. Харин уг байр хэдэн жилийн дараа Дунд голын усанд автахгүй гэх баталгааг өгч чадах эсэх нь эргэлзээтэй.