Сүхбаатар аймаг 80 жилийн ойдоо зориулан ТЭРБУМ гаруй төгрөгийн үнэ бүхий Бурхан багшийн хөшөө босгожээ

Сүхбаатар аймаг 80 жилийн ойдоо зориулан ТЭРБУМ гаруй төгрөгийн үнэ бүхий Бурхан багшийн хөшөө босгожээ

Сүхбаатар аймаг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн санаачилгаар аймгийнхаа 80 жилийн ойд зориулан Бурхан багшийн хөшөө босгожээ. 

Уг хөшөөний шүншигийг шинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залсан байна. Хөшөөний нээлт аймгийн 80 жилийн ойг тэмдэгдэх өдөр буюу энэ 29-нд болох юм. Одоогоор тохижилтын ажлыг нь хийж байна. 

Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн бөгөөд 12.2 метрийн өндөртэй, 180 тонн жинтэй.

Уг хөшөөг СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ. Хамаг амьтныг гэгээрүүлэх номыг номлон энэрэл нигүүлслээр авран тэтгэхийг соёрхож буйг бэлгэдсэн бурхан багшийн дүрийг залсан цэцэрлэгт хүрээлэнг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байгуулж, аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо өргөн барьж буй гэдгээ төслийг санаачлагч, Нутгийн зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр хэлжээ. 

Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй аж.