“Даншиг наадам-Хүрээ цам” бол баяр наадам биш аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн гэв

“Даншиг наадам-Хүрээ цам” бол баяр наадам биш аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн гэв

Наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, дэлхийн дахин мөн хүнд нөхцөл байдалтай байхад баяр наадам хийж яах юм бэ гэсэн шүүмжлэл цөөнгүй ирж байна. Үүнтэй холбоотой ямар ач холбогдолтой юм бэ гээд судлаад үзэхэд зөвхөн таван компаниас асуухад 150 жуулчин Даншиг наадам-Хүрээ цамыг үзэхээр зорьж захиалга өгсөн ийм тооцоо байна. Нэг жуулчин дунджаар 2500 ам.долларын зардал Монголд зарцуулж байна гэх тооцоо байгаа тул коронавирусээс болж аялал жуулчлал хүнд байгаа энэ үед Хүрээ цам маш чухал ач холбогдолтой гэдэг талаас хараасай гэж хүсэж байна. “Даншиг наадам-Хүрээ цам” бол баяр наадам биш аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн” гэв.

Мөн Нийслэлийн аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, “Энэ жилийн даншиг наадмын хүрээнд 256 хүчит бөх барилдан, даага, их нас болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны үзүүлбэр зохион байгуулна. Даншиг наадам-Хүрээ цам 2022 шашин соёлын наадмыг уламжлал ёсоор Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд ажлын хэсэг гарч, хүй долоо хутагт бэлтгэлээ хангаж байгаа. Энэ жил шашин талаасаа өөрчлөлт хийх ямар ч боломжгүй” гэлээ.