С.Эрдэнэболд: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зарчмын хувьд зөв. Гэхдээ ...

С.Эрдэнэболд: Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зарчмын хувьд зөв. Гэхдээ ...

Өчигдөр /2022.08.24 / Ардчилсан намын залуус хамтран “Үндсэн хуулийг өөрчлөх үү, үлдээх үү”  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын хуваагдсан гэх талуудын төлөөлөл оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу, зарчмын хувьд ямар өөрчлөлтийг хийх ёстой,  хамгийн зөв арга хэлбэр юу болох талаар гаргалгаа хайж ярилцсан юм.

Энэ үеэр хуульч, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболдын байр, суурийг сонслоо.

ВИДЕО: 

 

-Зарим иргэний хувьд зарчмын зарим өөрчлөлтийг хийх ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг та хэрхэн харж байгаа вэ. Итгэл үнэмшил, байр суурь тань юу вэ?

-Үүнтэй холбоотой хоёр ялгаатай зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд шинэ зохицуулалт бий болгох өөрчлөх асуудал бол нэг өөр агуулга. Хоёрдугаарт, ямар үйл явцаар Үндсэн хуулийг өөрчлөх гэдэг нь бас тусдаа асуудал. Өнөөдрийн нөхцөл байдалд бол Үндсэн хуулийн цэц улс төрийн захиалгаар ажиллаж буй нь буруу. Туйлын буруу жишиг тогтоож байна.

Өөрсдийн тоглоомын дүрмийг өөрчлөхийн тулд Үндсэн хуульдаа халддаг жишиг тогтоож буй нь уучилж болшгүй зүйл. Харин нөгөө талдаа парламентын засаглалыг бэхжүүлэх, бидний ярьдаг засаглалын тэнцвэртэй байдлыг хангахын тулд тодорхой өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах нь цаг хугацааны асуудал. Түүнийг дэмжинэ. Гэхдээ юу гэдгээсээ шалтгаална.

-Жишээлбэл, сонгуулийг холимог системээр явуулах хувилбарыг Үндсэн хуульд оруулах талаар та ямар бодолтой байна?

-Хувь хүний итгэл үнэмшлийн хувьд мажоритар пропорциональ буюу холимог тогтолцоог сонгуулийн гажиг, сул талыг даван туулах том түлхүүр гэж ойлгодог. Жишээ нь 2016 оны сонгуулиар Ардчилсан нам 33.43 хувийн саналыг ард түмнээсээ авсан ч төлөөлөл нь есхөн гишүүн байсан.

Тэгэхээр хэт нэг тал руу савладаг, популизмд автдаг, магадгүй сонгуулийн үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үйлдлийг арилгахын тулд холимог тогтолцоог дэмжих нь зөв. Мөн намуудыг улс төрийн бодлого ярилцдаг институци болгон хөгжүүлж чадах эсэх нь энэ тогтолцоотой холбоотой. Цаашлаад нутгийн атаман гэх нэртнүүд тэрбум тэрбумаар нь тойрог худалдаж авдаг тогтолцоог халахын тулд холимог тогтолцоог дэмжих хэрэгтэй.

-Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар ярилцаж байна. Энэ тал дээр та байр, сууриа илэрхийлээч?

Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зарчмын хувьд зөв.   Учир нь Монгол улс парламентын засаглалтай бөгөөд гүйцэтгэх засаглалын хувьд хоёрдмол байдал нь ач холбогдол багатай. Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд ард нийтийн санал асуулгыг зайлшгүй явуулах шаардлагатай.  1962 онд Монголын хүн ам нэг сая, 1988 онд хоёр сая хүрсэн. Харин Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан. 2015 онд 3 сая хүрсэн. Өнөөдөр 3.4 сая байна. Тэгэхээр хүн ам өсөхийн хэрээр парламентын гишүүдийн тоогоо өөрчилбөл 20 жилийн дараа 200-300 гишүүнтэй болох нь. Бусад улсын жишгээс харвал, АНУ сенат нь 100, төлөөлөгчийн танхим нь 435 гишүүнтэй байдаг.  Тэгэхээр ард түмнээс асуух шаардлагатай.

Одоогийн парламентын нөөц боломжийг бүрэн ашиглаагүй байж Үндсэн хуульдаа ойр, ойрхон гар хүрээд байна гэдэг асуудалтай. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулөх нь тодорхой хугацааны ойлголцол, зөвшилцөл. Тэр дундаа нэг нам дангаар түрий барих биш үндэсний ойлголцлын түвшинд ярих асуудал юм.  Мөн Үндсэн хуулийг манадаг хүмүүс нь захиалгын шинж чанартайгаар нэг зүйл заалтыг хүчинтэй, хүчингүй болгочихоор түүнийг нь дагаж савладаг улс төр байж болохгүй гэж үзэж байна.


Эрх баригч МАН-ынхан ирэх намрын чуулганы хуралдааны хугацаанд багтаан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж буй.

Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцэд захиалга өгөн “Ерөнхий сайдыг оролцуулаад УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно” гэх Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгуулсан. Хүчингүй болгуулсан заалтаа энэ өдрүүдэд өөрчилж улмаар уг шийдвэртээ үндэслэн Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах гэж байна. Эцэстээ энэ бүх үйл явдлын үндэс суурь нь МАН-ын дотоод улс төртэй холбоотой.

Үргэлжлүүлэн намрын чуулганы хугацаанд

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох.
  • Төрийн сүлдийг өөрчлөх зэрэг өөрчлөлтийг ярих юм.