Гэр бүлийн хүчирхийлэгч шүүгээнд нуугдаж байхад нь цагдаа нар илрүүлжээ

Гэр бүлийн хүчирхийлэгч шүүгээнд нуугдаж байхад нь цагдаа нар илрүүлжээ

Иргэд гэмт хэрэг, зөрчлийн тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл цаг алдалгүй холбогдох байгууллагад мэдээлж байх ямар чухал гэдгийг тэр бүр мэддэггүй.

Хаалттай хаалганы цаана хэдэн хүүхэд зодуулж, хэдэн эмэгтэй эрэмдэглүүлэн харгис эрийн гарт хохирч байгааг бид таашгүй. Сүхбаатар дүүрэг дэхь цагдаагийн хэлтэс иргэнээс ирсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй шалгаснаар бугшмал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг шүүгээнд нуугдаж байхыг нь олжээ.

Тодруулбал, 2019 оны наймдугаар сард Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын төвд иргэн Б-ээс “Манай найзын хамтран амьдрагч нь байнга зодож, дарамтлаад байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид очиж шалгахад иргэн С нь дөрвөн настай хүү Г болон хамтран амьдрагч Б-н хамт амьдардаг бөгөөд тухайн үед хамтран амьдрагч Б нь гэртээ байхгүй гараад явсан, С нь айж цочирдсон хоолой хэсэг нь улайсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

-ЗОДСОН ТУХАЙ ЦАГДААД ХЭЛЭХ ЮМ БОЛ ХҮҮГ ЧИНЬ АЛНА ГЭЖ СҮРДҮҮЛДЭГ БАЙЖЭЭ-

Улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг яаралтай эрэн хайснаар хамтран амьдрагчынхаа гэрт хувцасны шүүгээнд нуугдаж байхад нь барьж саатуулсан аж. Гэмт этгээдийг Эрүүгийн тухай хуулийн 11.6.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээр гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл ногдуулж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах зэрэг хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Шалгалтын ажиллагааг явцад өмнө тус тоотоос болон Б-тэй холбоотой хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж хоёр удаа торгуулийн арга хэмжээ ногдуулж байжээ. Мөн Б нь өмнө нь зургаан удаа эрүүлжүүлэгдэж, нэг удаа гэмт хэрэг сэрдэгдэн оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд болохыг тогтоогджээ.

Иргэн С өгсөн мэдүүлэгтээ “Би Б-тэй 2016 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэр цагаас эхлээд байнга л намайг хардаж, хоорондоо хэрэлдэх болж эхэлсэн. Сүүлдээ намайг зодож дарамтлан, хүүг минь айлган сүрдүүлэх болсон. Тэр үеүүдэд манай хөрш айлуудаас цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирэх үед Б нь юм хэлэх юм бол та хоёрыг ална шүү гэх мэтээр хүү бид хоёрыг сүрдүүлээд хувцасны шүүгээ, орон дор ороод нуугдчихдаг, тэгээд би цагдаа нарт одоо гэртээ байхгүй байна эсвэл тийм зүйл огт болоогүй, би дуудлага өгөөгүй гэх мэтээр худал хэлдэг байсан” гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлд удаа дараа өртөж хохирсон эмэгтэй Б-ээс салсан боловч буцаад л хүрээд ирдэг, хүү бид хоёрт өөр очих газар байхгүй тул зугатаж чаддаггүй байснаа хэлсэн байна. Түүнийг зодох болсон шалтгааныг тодруулахад эрүүл, согтуу аль аль үедээ ямар ч утга учиргүйгээр хардаад, хардах нэрийдлээр зоддог, өмнө нь хэд хэдэн удаа над руу юм авч шидээд толгой, духыг нь хагалж байсан бүр заазуур авч шидэж байсан ба дандаа хүү бид хоёрыг алчихаад зугатаж алга болно гэж хэлдэг талаар тэр мэдүүлсэн байдаг.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө