Т.Бэгзсүрэн: Допингийн төрлийн хориотой бодис санаатай хэрэглээгүй. Монголын ард түмнээс уучлалт хүсэж байна

Т.Бэгзсүрэн: Допингийн төрлийн хориотой бодис санаатай хэрэглээгүй. Монголын ард түмнээс уучлалт хүсэж байна

Энэ жил баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авна гэсний дагуу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан бөгөөд үүний 16 нь харваачид бол 64 нь бөхчүүд байсан юм.

Тэгвэл допингийн шинжилгээг БНСУ-руу итгэмжлэгдсэн лабораторид явуулсан бөгөөд хариу нь ирж нэг бөхийн шинжилгээний хариу эерэг буюу допинг хэрэглэсэн гэж гарсан. Энэ талаар өнгөрсөн наймдугаар сард ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлж “Допинг хэрэглэсэн гэх бөхөд хариуг биечлэн танилцуулж Б сорьц өгч шинжлүүлэхийг асууна. Өөрөө өгнө гэвэл нэрийг танилцуулахгүй харин орохгүй гэвэл мэдээлнэ. Уг бөхийн хувьд тавын даваанд унасан учир цол нөхөж олгох асуудал яригдахгүй” гэж байсан юм. Харин тус допинг илэрсэн бөх нь Тавын даваанд унасан харцага Т.Бэгзсүрэн аж. Тэрбээр Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бөгөөд сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Т.Бэгзсүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулж уучлалт хүсжээ.

Тэрбээр, “ Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! Миний зүгээс санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 оны хавар 5 сард баруун тохойндоо хүнд бэртэл авсан. Уг бэртэл нь байнгын сэдэрч төрөл бүрийн эм эмчилгээнүүд хийлгэсээр ирсэн. 2022 оны 6 сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд болсон барилдааны явцад 3-ын даваанд барилдаж байх үедээ хөлөндөө гэмтэл авсан. Уг гэмтлийн онош нь гуяны булчингийн уут задарсан гэсэн оноштойгоор хөл хөдлөх боломжгүйгээр 7 хонож түүнээс хойш бага багаар илаарьшсан. / Жич: тухайн үеийн эмчийн зөвлөмж нь улсын наадамд барилдах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан/. Түүхэн ойн наадамдаа барилдах хүсэлдээ хөтлөгдөн хөлний бэртлээ түргэн эдгээх эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Улмаар ардын хувьсгалын түүхэн 100, 101 жилийн ойн баяр наадмын барилдаанд барилдаж 4 давж допингийн шинжилгээнд хамрагдсан. Бэртлийн үед эмчилгээнд хэрэглэсэн эм тариагаа тэмцээний үед буюу 24 цагийн дотор хориотой, тэмцээний бус үед зөвшөөрөгдсөн гэсэн мэдээлэл дор 2022 оны 6 сарын 5-ны өдрөөс 2022 оны 6 сарын 20-ны өдрийн хооронд хийлгэсэн. Манай бөхчүүд бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэх үедээ мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж эм бэлдмэлийн талаар эцсийн сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг ойлгож бас бусад бөхчүүддээ дахин сануулмаар байна. Монгол бөхөд байгаа допингийн эсрэг бүх арга хэмжээнд оролцож, дуу хоолойгоо өргөж, 2021 оны 03 сарын 14-нд болсон харцага цолтой бөхчүүдийн барилдаан дээр харцагуудаа уриалж бусад бөхчүүдэд уриалга болгож тус барилдаанд оролцсон бөхчүүдийн шинжилгээний зардал болох 15 сая төгрөгийг хувийн зүгээс шийдүүлж, шинжилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байсан. Миний хувьд олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн хариуг үгүйсгэх боломжгүй юм. Мэдлэг мэдээлэл дутуу, хариуцлагагүй алдаа гаргасан тул гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч, шударга бус өрсөлдөөн бий болгох санаа зорилго байгаагүй гэдгээ албан ёсоор хэлж, оногдуулсан шийтгэлийг хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдэж, бөхөд хайртай нийт Монголын ард түмнээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байнаа” гэжээ.