Д.Тэрбаатар: Хараат бус ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж, тамирчны буруутай эсэхийг тогтооно

2022-09-05 17:48

Дэрэн клубийн К.Вольф: Манай клуб арьс өнгөөр ялгаварлах үзлийг дэмждэггүй. Болсон явдалд хүлцэл өчиж байна

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтын үеэр "Дэрэн" клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байж болзошгүй биеийн хэлэмж үзүүлсэн асуудал гаргасан билээ.

Тэгвэл эл асуудлыг Дэрэн клубийн гүйцэтгэх захирал Кристиан Вольфоос тодруулахад "Манай клуб нь байгуулагдсан цагаасаа хойш арьс өнгөөр ялгаварлах үзлийг огт дэмжиж байгаагүй төдийгүй цаашдаа ч үүнтэй санал нийлэхгүй юм. Бидний хувьд олон орны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг төдийгүй академийнхаа сургалтын явцад болон гадаадын тэмцээн уралдаануудад оролцохдоо ч яс үндэс, арьс өнгөөр үл ялгаварлахыг уриалдаг болно.

Өчигдрийн тоглолтын үеэр болсон үйл явдалтай холбоотойгоор О.Даваадэлгэр болон багийн бусад тоглогчид, холбогдох хүмүүсээс лавлаж тодруулсан. О.Даваадэлгэрийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бухимдсандаа зохисгүй үйлдэл гаргасандаа тун их харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр 2012 оноос хойш Дэрэн клубд тоглож байгаа өсвөр, залуучуудын ангилалд дотоодын болон гадаадын олон тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байсан. Монгол Улсын насанд хүрэгчдийн шигшээ баг Япон улсад хийсэн ДАШТ-ий урьдчилсан шатанд Киргизийн эсрэг ялалт байгуулахад онцгой хувьд нэмэр оруулж явсан авьяаслаг тоглогч. Дэрэн клубийн зүгээс ч болсон явдалд тун их харамсалтай байгаа илэрхийлж манай багийн дэмжигчид болон СП Фалконс клубийн тоглогчид, хөлбөмбөг сонирхогчдоосоо хүлцэл өчиж байна. Бид тоглогчтой байгуулсан гэрээ болон клубийн дүрмийн дагуу зохих арга хэмжээг авах болно" гэлээ. 

2022-09-05 13:17

Д.Тэрбаатар: Хараат бус ёс зүйн хороо өнөөдөр хуралдаж, тамирчны буруутай эсэхийг тогтооно

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтын үеэр "Дэрэн" клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байж болзошгүй биеийн хэлэмж үзүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа билээ.

Тэгвэл тус үйлдэлтэй холбоотойгоор Монголын Хөл бөмбөгийн холбооны ёс зүйн хороонд өргөдөл иржээ. Энэ дагуу тус хороо өнөөдөр хуралдахаар болсон байна.

Энэ талаар Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатараас тодруулахад "МХБХ нь хараат бус сахилга батын хороо, маргаан таслах, ёс зүйн гэсэн хороодтой. Тус хороодод гомдол, мэдээлэл ирвэл энэ асуудлыг хараат бусаар хэлэлцдэг журамтай. Энэ дагуу дээрх тоглолттой холбоотой гомдол ирсэн байна лээ. Эл асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Хэрэв тамирчны буруу нь тогтоогдвол арга хэмжээ авна. Үүнийг нь тухайн тамирчин эсэргүүцэж, гомдол гаргах боломжтой. Ингээд эцсийн байдлаар шийдвэр гарна. Үүнд Хөл бөмбөгийн холбоо ямар ч оролцоо байхгүй" гэх хариултыг өглөө.