ХУУЛЬ: Гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, санаатайгаар хаях мөн хүүхдийн орчинд салхилуулбал Зөрчлийн хуулиар шийтгэнэ

ХУУЛЬ: Гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, санаатайгаар хаях мөн хүүхдийн орчинд салхилуулбал Зөрчлийн хуулиар шийтгэнэ

Сүүлийн жилүүдэд орон гэртээ амьтан тэжээх иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ хэрээр нийгэмд шинэ харилцаа бий болж түүнийг зохицуулах шаардлага гараад буй. Тиймээс “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд боловсруулж байна. Уг хуулийг намрын чуулганаар хэлэлцэж магадгүй байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “d.parliament.mn хаягнаас “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль” хамгийн их уншигдсан” гэж мэдэгдсэн. Үнэхээр амьтныг гэртээ тэжээхдээ юунд анхаарах ёстой, эрүүл мэнд, ахуй байдал нь хэрхэн санаа тавих ёстой, нийгмийн харилцаанд оруулахдаа бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүйн тулд юунд анхаарах, ялгадас зэргийг хэрхэн цэвэрлэх зэргийг нэг бүрчлэн тус хуулинд тодорхой заасан байгаа юм.

Юун түрүүнд сануулахад, тус хуулиар иргэн нь гэрийн тэжээвар амьтныг асран хамгаалах, бусдад шилжүүлэх олон нийт орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих, хамт байсныхаа төлөө ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхтэй  байгаа юм. Мөн хороо нэгжийн Засаг даргаас эхлээд цагдаагийн байгууллагынхан хүртэл амьтныг хамгаалах ажилд оролцох нь доорх хуулиар тодорхой болжээ.

Ингээд тус хуулийн ОНЦЛОХ заалтуудыг уншигч та бүхэнд хүргэж байна.

Асран хамгаалагч нь дараах үүргийг хүлээнэ.

  • Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах;
  • Гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх.
  • Зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах.
  • Өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
  • Нохой, муурийг төрснөөс хойш 50 хоногийн дотор бичил чип суулгуулж, бүртгүүлэн галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах.
  • Нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх.
  • Нохой, муурын хүзүүвч эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах.
  • Олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях.
  • Нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх.
  • Нохой, муурын хаягийн бүртгэл нь асран хамгаалагчийн байнга оршин суугаа газрын хаягаар тодорхойлогдоно.
  • Нохой, муурын бичил чипний стандартыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
  • Асран хамгаалагч нь иргэний цахим үнэмлэх, орлогын эх үүсвэрийг нотлох баримт, асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан болохыг нотлох баримт,  нохой, муурын эрүүл мэндийн дэвтэр, бичил чипний дугаарыг авчирч байж нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.
  • Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
  • Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлж тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
  • Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно. Хүсэлтээ мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд 16.5, 18.1.3-д зааснаас бусад тохиолдолд өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй.
  • Нохой, муурыг төрснөөс хойш 45 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
  • Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг энэ хуулийн 21.1.1-т заасан шаардлага хангаагүй байр, дэлгүүр эсхүл гар дээрээс худалдахыг хориглоно.
  • Харгис хэрцгийгээр алах, асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх, эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх, одох, тамлах, хэт ачаалуулах, хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх, хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх, гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах, гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулахыг хориглоно.
  • Гэрийн тэжээвэр амьтны хөдөлгөөнийг хязгаарласан орчинд байнга уях, хорих, биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг хориглоно.
  • Хуулийг зөрчвөл Зөрчлийн хуулиар торгоно.