Ж.Пүрэвсүрэн: Хил гарч үзээгүй малчид олон байна. Иймд ОХУ руу 1000 малчин аялуулна /ВИДЕО/

Ж.Пүрэвсүрэн: Хил гарч үзээгүй малчид олон байна. Иймд ОХУ руу 1000 малчин аялуулна /ВИДЕО/

Зарим хэвлэл мэдээлэлд энэ сарын 28-наас, ирэх аравдугаар сарын 2 /2022.09.28-2022.10.02/ -ны өдрүүдэд ОХУ-д Монголын 1000 малчины чуулга, зөвлөгөөн зохион байгуулагдахаар болж манай улсаас дурын 1000 малчныг Оросын Улаан-Үд хотод аваачиж мал аж ахуй, техник технологи судлуулж, мал маллах арга туршлагын тухай ярилцана гэх мэдээлэл гарсан.

Иймд манай зарим хэвлэл, иргэд "Одоо байтлаасаа малаа яаж маллахыг Оросуудаар заалгахдаа тулаа юу" хэмээн шүүмжилж байгаа юм. Нөгөөтэй Орос, Украины хурцадмал байдлаас үүдэн ОХУ олон улсад буруутгагдах, өөрсдийн дэмжигчдийг хайх, бусдыг хань татах бодлого барьж буй гэдэг. Иймд үүний нэг илэрхийлэл нь "Монголын 1000 малчны чуулга, зөвлөгөөн"-ийг хийх гэж байж магадгүй байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан тус аяллыг Монголын талаас зохион байгуулж байгаа гэх “Монголын хөдөөг хөгжүүлэх малчин нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн Ж.Пүрэвсүрэнтэй ярилцаж, учир явдлыг тодрууллаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

Намайг Ж.Пүрэвсүрэн гэдэг. “Монголын хөдөөг хөгжүүлэх малчин нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн. Миний аав бол МУ-ын Хөдөө аж ахуйн эргэлтийн боомтыг 30 дахин өсгөж өгсөн н.Жаргал гэдэг хүн бий. Гавьяат эдийн засагч. Сүхбаатарын одонгоор шагнагдаж байсан ганц эдийн засагч.

-Байгуулагдаад хэдэн жил болж байна вэ?

2018 онд байгуулагдаж байсан. Түүнээс хойш судалгаа шинжилгээ хийгээд нийгэм, малчид руугаа чиглээд ажиллаад явж байна.

-Шууд гол сэдэв рүү оръё. 1000 малчны чуулга уулзалтыг ОХУ-д зохион байгуулна гэсэн байна шүү дээ. Хаанаас ямар чиглэлээр, ямар хүрээнд зохион байгуулж байгаа ажил вэ?

Монгол малчин суурьтай тогтвортой хөгжинө гэдэг бол улс эх орон хөгжих үндэс суурь юм. Хүн хөгжиж байж улс хөгжинө. Дэлхий бол эрчимжсэн мал аж ахуйн хөгжил рүү явж байна. Бид үүнийг судалж эдийн засгийн эргэлтэд оруулж хөгжүүлэхийн тулд юу нь дээр анхаарах ёстой юм гэж үзэж л зохион байгуулж байгаа. 1000 малчин чуулна гэхээр их тоо шиг сонсогдож байж магадгүй. Гэхдээ манай улсын малчин айл өрхийн тоо маш их. Тэд хаана амьдраад байна вэ гэхээр 330 сум 1669 багт хуваагдаж амьдарч байгаа юм. Нэг сумаас 1-3 малчин орж ирэхэд л мянгад хүрнэ гэж ойлгож болно. Тэгэхээр малчдын хувьд бага тоо гэсэн үг. Өнөөдөр Монгол оронд хил гааль хаана нээлттэй байна гэдгийг судалсан. Монгол Улс бол Орос, Хятадын дунд мөнхийн хөрш. Хил гарч үзээгүй малчид зөндөө байна. Иймд нээлттэй ОХУ-д малчдаа аваачиж, хөрш орны бодлогын хүрээнд эрчимжсэн мал аж ахуйг судлах ажлыг зохион байгуулна. Харин бэлчээрийн мал аж ахуйгаа хэнээр яаж маллахыг заалгахгүй. Мянга сонсохоор нэг удаа үз гэдэг сайхан үг байдаг. Туршлага судлах тийм л зүйл. Эрчимжсэн мал аж ахуй, бүтээгдэхүүнүүдтэй танилцаад л ирэх аялал.

-Малчдад зориулсан аяллын хөтөлбөр гэж ойлголоо. Гэхдээ яагаад заавал ОХУ гэж?

Одоо Орост дайн гарсан гээд л байна. Тэр бол дээгүүрээ олон улсдаа болж л байдаг юм байлгүй. Энэ нь малчид явж болохгүй гэсэн зүйл биш. Малчид бол өөрсдөө энэ арга хэмжээнд маш дуртай байгаа. Махыг нь, сүүг нь, ааруулыг нь авъя ашиг шимийг нь авъя гэж л ярьдаг бол бид юм үзүүлье гэсэн зорилгоор л явж байна. Бид нар аялал жуулчлалтай холбосон, эрчимжсэн мал аж ахуй гэдэгтэй танилцах гэж л очиж байгаа. Өөр энэ хүмүүсийг аялуулж байгаа ингэе тэгье гэсэн байгууллага хаана байна? Яам хаана байна? байхгүй шүү дээ. Манайх зориг гаргаж ингэж ажиллаж байхад бид нарыг дэмжих байтал буруу ойлголт төрүүлж байгаад харамсаж байна. Насаараа мал малласан хамаатан саднаа юм үзүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэж миний хувьд үзэж байна.

-Малчид дуртай хүлээж авч байна гэсэн. Одоогоор нийт хэдэн малчин бүртгүүлсэн байгаа вэ?

Ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад зарим малчдын паспорт гарахгүй байна. Нуулгүй хэлэхэд чадлынхаа хэрээр бүртгэл авч байна. Монголдоо анх удаа манай байгууллага ийм зүйлийг санаачлаад хийж байгаа. Харин аяллыг “Малчин Тур” гээд бас л малчны хүүхдүүд бид нар хамтарч ашгийн бус зардлаар зохион байгуулж байна.

-Хөтөлбөрт багтсан зүйлсээс дурдаач?

Таван хоногийн аялалд Улаан-Үд хотод очиж хоттойгоо танилцаж, худалдаа хоршоогоор орно. Эрчимжсэн мал аж ахуйтайгаа танилцана. Байгаль нуураар халуун рашаантай газраар нь очиж амраад, нүдээр үзээд усан онгоцоор аялаад явна. Монгол хүний зүрхэнд тодхон уяатай газруудын нэг бол Байгаль нуур. Малчин хүн яагаад ингэж аялж болохгүй гэж. Малчид мал маллахаа заалгахгүй гэсэн өнцгөөр яриад байгаа нь тодорхой мэдээлэл аваагүй нь улмаас ингэж хүргэж байгаа гэж би хувьдаа бодож байна.

-Яг энэ нөхцөл байдалд Орос руу явна гэдэг бол нэлээн шүүмжлэлтэй байгаа. ОХУ-ын ямар байгууллагатай хамтран энэ ажлыг хийж байгаа вэ?

Бид нар чиг үүргийнхээ хүрээнд Оросын Хөдөө аж ахуй яамтай хамтраад ажлаа хийгээд явж байгаа. Малчдад хөдөө маш их асуудал байна. Бид нарын бэлчээр энэ аж ахуй өөрөө цаашаа үргэлжилж байж Монгол Улс дэлхийгээс онцгойрох юм. Гол онцлох хүмүүсээ хамгаалах, хөгжүүлэх ажил тэр бодлогын чиглэлд манай байгууллага манлайлан тууштай ажиллахыг хэлэхэд таатай байна. Цаашлаад БНХАУ, Польш, Франц гээд дэлхийгээр явж энэ мал аж ахуйг яаж тогтвортой хөгжүүлэх вэ гэдэг дээр нүдээр үзүүлэх ажлыг хийгээд явна.

-Манай улсын ХХААХҮЯ-наас хувийн хэвшил энэ арга хэмжээг ганцаараа зохион байгуулж байгаа. Бид хамааралгүй гэх мэдээллийг өгсөн байсан. Танай зүгээс тус яам руу хандаж үзэв үү?

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж маш том нэгж ажиллах ёстой. Төр бүгдийг хийдэг байх албагүй. Тэгвэл манай байгууллага арван хоногийн өмнө яаманд энэ асуудлаар хүсэлт өгөхөд өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Иймд өчигдөр дахин шаардаж явж байж хүргэсэн.

 

 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө