ШУУРХАЙ: “Дархан арьс ширний цогцолбор”-ын Д.Энхбаярыг Х.Баттулгад холбогдох хэргээр шалгаж, АТГ-аас баривчилсан байж болзошгүй байна

ШУУРХАЙ: “Дархан арьс ширний цогцолбор”-ын Д.Энхбаярыг Х.Баттулгад холбогдох хэргээр шалгаж, АТГ-аас баривчилсан байж болзошгүй байна

“Дархан арьс ширний цогцолбор”-ын гүйцэтгэх захирал Д.Энхбаярын гэр болон албан тасалгаанд өчигдөр /2022.09.21/ орой АТГ-аас нэгжлэг хийж, улмаар саатуулаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Түүнийг ямар шалтгаанаар ийнхүү албадан саатуулсан нь тодорхойгүй байгаа ч ар гэрийнхэн нь “Өөрсдийнх нь гаргасан гомдолтой холбоотой мэдүүлэг авна гэж худал хэлж дуудаж өөр зүйлээр мэдүүлэг авч, саатууллаа” гэдгийг тодотгосон.

Тэгвэл “Дарханы арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярыг тус цогцолборын төслийн бүтээн байгуулалтын ажлыг хийхэд улстөрчдийн оролцоо байсан, үүнд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгаж байж магадгүй байна.

ВИДЕО: Учир нь Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг бодлогоор дэмжихийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын чуулганы индэр дээрээс хүсэж байжээ. Иймд тус төсөл нь Х.Баттулгын далд бизнес байсан байж магадгүй хэмээн хардах зарим иргэд байдаг. 

Тэрбээр тухайн үед “Эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн түүхий эдийг боловсруулах, экспортод гаргах бүтээгдэхүүн гаргах төслүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхэд та бүхэн бүх боломжоороо дэмжиж, өнөөдрөөс эхлэн ажиллаж хэрэгтэй байна. Нөхөгддөг баялаг болох мал аж ахуйн орлогын эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхий эд боловсруулах үйлдвэрлэлүүдийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байгаа юм.

30 жил ярьсны эцэст эхлүүлсэн Дарханд босгож байгаа арьс шир, ноос ноолуур боловсруулах, бүтээгдэхүүний хөнгөн үйлдвэрлэлийн технологийн паркийг та бүхэн бодлогоор дэмжиж хурдан шуурхай ажиллаасай гэж хүсэж байна.  

Энэхүү үйлдвэр нь жилд 10-15 сая ширхэг арьс боловсруулах тус цогцолбор нь нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон улсын зах зээлд боловсруулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна Дархан хотод нийтдээ 8000 гаруй байнгын ажлын байр бий болгож, 180 орчим мянган малчин өрхийн тогтвортой орлогын баталгаа болох юм. Арьс шир боловсруулах 13 үйлдвэр жилд 10 мянган тонн ноос боловсруулах, ноос ноолуур угааж самнах үйлдвэр түүнийг цэвэрлэх байгууламж дэд бүтцийн барилга байгууламж баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Та бүхэн иргэдийнхээ өмнүүр орж, өөрсдөө боломж эрэлхийлэлгүй шийднэ гэж найдаж байна” гэсэн байдаг.

Улмаар “Дархан арьс ширний цогцолбор” ХХК Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагатай бодлогын гэрээ байгуулж, Хөгжлийн банкнаас зээл авснаар тус компанийн ажил гэрлийн хурдаар үргэлжилсэн аж. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн удаа тус цогцолборын ажилтай танилцаж, хурдан шуурхай ашиглалтад оруулахыг үүрэгдсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга орон тооны бус зөвлөх Д.Энхбаярын “Дархан арьс ширний цогцолбор” компанийн ажлыг эрчимжүүлэхийн тулд ийнхүү нөлөөлсөн байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК нь 2018 онд байгуулагдсан бөгөөд тус компанийн хувьцааг “Лидер капитал” ХХК, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран эзэмшдэг аж. Харин компанийн эцсийн өмчлөгчөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны бус зөвлөх асан Д.Энхбаяр бүртгэгджээ.

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Х.Баттулгын орон тооны бус зөвлөх Д.Энхбаяр бүртгэгджээ

Ямартай ч “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаярын гэр болон албаны өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, түүнийг баривчлаад буй юм. Бид эл асуудлын талаар эргэн мэдээлэх болно.