ШУУРХАЙ: Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 250 иргэн нэвтэрч байсан бол, өчигдөр 830 болж НЭМЭГДЖЭЭ

ШУУРХАЙ: Алтанбулаг боомтоор өдөрт ОХУ-ын 250 иргэн нэвтэрч байсан бол, өчигдөр 830 болж НЭМЭГДЖЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 21-ний өдөр /2022.09.21/ “Орос даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа” зарлаж цэрэг татлагын үйл ажиллагааг эхэлүүлсэн.

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын иргэд Алтанбулаг боомт дээр хил нэвтрэхийн тулд урт цуваа үүсгэсэн байгаа гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа юм. Хил хамгаалах ерөнхий газрын албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр "Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт өдөрт ОХУ-ын 250-260 иргэн нэвтэрч, 550-600 гаруй иргэн гарч байгаа" талаар өчигдөр /2022.09.22/ мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэдэн иргэн манай улсын боомтоор нэвтэрснийг тодруулахад "Өчигдөр буюу есдүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын 830 иргэн нэвтэрч, 137 иргэн гарсан. Харин бусад боомтуудаар орж ирсэн ОХУ-ын иргэдийн тоо 5 хувиар өссөн гэсэн тоо үзүүлэлттэй харагдаж байна" гэлээ. 

Харин тэдгээр иргэд дотор ямар нэгэн бичиг баримтгүй, дүрвэж буйгаа илэрхийлсэн орос иргэн байгаа эсэхийг лавлахад "Одоогоор манай улсад ямар нэгэн бичиг баримтгүй, дүрвэж байгаагаа илэрхийлж орж ирсэн, ирэхийг хүссэн хүн байхгүй. Хил нэвтэрсэн иргэд бүгд 30 хоногийн визгүй зорчих эрхийнхээ хүрээнд орж ирсэн" гэдгийг тодотголоо.