"Татвар тэглэсэн" ч Хятадын цемент тонн тутамдаа 570 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь ЗГ судалгаагүй шийдвэр гаргасныг харуулж байна

"Татвар тэглэсэн" ч Хятадын цемент тонн тутамдаа 570 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь ЗГ судалгаагүй шийдвэр гаргасныг харуулж байна

Засгийн газрын хуралдаанаар импортын цементийн татварыг 2022 он дуустал тэглэх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь дотоодын үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг боомилсон үйлдэл болсон гэдгийг эдийн засгийн шинжээчид хэлж байгаа юм.

Харин нөгөө талд Засгийн газрын зүгээс бүтээн байгуулалтын улирал эхэлсэн үеэс буюу өнгөрсөн хавраас цементийн хомстол үүсч үнийн хөөрөгдөл бий болсон учраас дээрх шийдвэрийг гаргасан гэж буй. Тэгвэл талууд харилцан өөр байр, суурьтай байгаа энэ үед цементийн үнэ өсч, эрэлт бий болон хомстсон шалтгааныг бид мэдээлж байна.

-ЦЕМЕНТИЙН ҮНЭ ӨСЧ, ЭРЭЛТ БИЙ БОЛСОН НЬ “ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК ТЭГ ЗОГСОЛТ ХИЙСЭНТЭЙ ХОЛБООТОЙ-

Хамгийн гол шалтгаан нь эд эрэлттэй үед “Хөтөлийн Цемент-Шохой” ТӨХК тэг зогсолт хийсэнтэй холбоотой гэдгийг албаныхан хэлж байна. Учир нь энэ үед үнийн хэлбэлзэл үүсэж цементийн ханштонн нь 600.000-700.000 төгрөг хүртлээ дамлагдсан юм.

Нөгөөтэйгүүр Засгийн газраас импортын цементийн татварыг тэглэсэн ч нөхцөл байдал сайжрахгүй БНХАУ-аас орж ирж байгаа цемент тонн нь 570.000 төгрөгөөр зах зээлд борлуулагдаж байна. Энэ бол засгийн газар ямар ч судалгаа, тооцоогүй, үр дагаврыг нь таамаглалгүй гэнэтийн шийдвэр гаргасан гэдгийг илтгэж байгаа юм.

Шалтгаан нөхцлийг дэлгэрүүлбэл,

  1. Засгийн газраас Хятадын цементийг борлуулах шийдвэрийг дэмжиж гаргаснаар үнийг бууруулах биш зах зээлийн ханшийг улам дэвэргэж байна. Түүнчлэн БНХАУ-аас цемент оруулж ирж байгаа нь валютын гадагш чиглэх урсгалыг нэмэгдүүлж төгрөгийн ханшийн эрсдлийг улам нэмэгдүүлж валютын нөөцийг багасгаж байна.
  2. Мөн Дарханы замын олон жилийн удаашрал, буруу менежментийг “Цемент Шохой” ТӨХК буюу улсын үйлдвэрийн 0 зогсолтоос үүссэн огцом эрэлт, хомстолтой холбон нийт цемент үйлдвэрлэгчид рүү буруугаа тохож байгаа нь бас өрөөсгөл ойлголтыг төрүүлж байгаа юм. 
  3. “Хөтөл Цемент Шохой” ТӨХК-ийн хувьд улсаас олон төрлийн татаас авдаг бөгөөд өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж үнийн огцом савлагаа үүсгэж байгаа нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна. Менежмент алдаа, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн эвдрэл, түүхий эдийн асуудал ч зах зээлд шуугиан дэгдээж байна.
  4. Үндэсний үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдийн хувьд зах зээлийн бодит эрсдэл, инфляци, ам.долларын өсөлт, төгрөгийн ханшийн уналттай нүүр тулж улсаас ямар нэг татаас авдаггүй бөгөөд ам.долларын ханшийн өсөлтөөс үүссэн нэмэлт зардлыг үүрэн Хөгжлийн банкны зээлээ төлсөөр байна. Ингэснээр дээрх шалтгаанаас үүдэлтэй хомстолыг нөхөхийн тулд илүү нөөцөөр ажиллаж байгааг үндэсний үйлдвэрлэгчид мөн онцолж байгаа юм.
  5. Түүнчлэн цар тахлын хүнд үед хүнд үйлдвэрлэлийн салбарт ямар нэг дэмжлэг ирээгүй хоёр жилийн турш үйлдвэрлэлүүд хүнд байдалд байсан ч цомхотгол хийлгүйгээр ажлын байр, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байгааг онцолж буй билээ.   

Зах зээлийн нөхцөл байдлыг харвал бүх л салбар тэр дундаа үйлдвэрлэгчид олон сорилттой нүүр тулсаар байна. Үүнд цементийн үнэ ханш өсөхөд инфляцын өсөлт, ам.долларын ханшийн өсөлт, төгрөгийн уналт болон тээвэр логистикийн хүндрэл, гацаа, дээр нь ТӨХК-ийн бодлогогүй үйл ажиллагаа мөн үйлдвэрлэгчдэд тулгарсан Хөгжлийн банкны хүүгийн асуудал зэрэг олон асуудалнөлөөлж байгаа гэдгийг учирласаар байгаа билээ.